БУЛГАН: Ловон ширээтийн суварга
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган, 2024 оны арваннэгдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Халхын Түшээт хан аймгийн Бишрэлт гүний хошуу одоогийн Булган аймгийн Хишиг-Өндөр сумын төвийн баруун талд Дархан хан уулын зүүн урд байсан хүрээг Авзагын хүрээ, Баруун Со гүний хүрээ, Сундуй гүний хүрээ гэж нэрлэдэг.
Тус хүрээний туурин дээр Халхын түшээт хан аймгийн Бишрэлт гүний хошууны хамбын ямба, номч билэгт, дөрөвдүгээр дүрийн Ловон ширээт Галсангийн Рэнцэндоржийн хувилгаанаар тодорсны 120 жилийн ойд зориулан 2015 онд энэхүү суваргыг босгосон байна.
Тэрбээр багадаа Халхын түшээт хан аймгийн Бишрэлт гүний хошууны Ширээт ламын дөрөвдүгээр
дүрээр тодорч олон түмнийг шашин номын үйлээр тэтгэсэн хошуу даасан хувилгаан лам
байжээ.
Халхын шарын шашны тэргүүн VIII Богд Жавзандамба хутагт Бадаргуулт төрийн 1895 оны хөхөгчин хонь жил Түшээт хан аймгийн Бишрэлт гүний хошууны Галсангийн хөвгүүн таван настай Рэнцэндоржийг ловон ширээт ламын дөрөвдүгээр дүр мөн хэмээн айлдаж, тамгагүй хутагтаар өргөмжилжээ.
Ловон ширээт хувилгаан бол сүм дуганы дотор тусгайлан зассан арслант ширээнд залран хурал номын үйлийг удирдаж, Хүрээ хийд, ард олны дунд үлэмж нэр хүндтэй, хошуу даасан хувилгаан лам, мэргэч төлгөч, үзмэрч хүн байжээ.
Нутгийн ард олны дунд ам дамжин ирсэн хууч яриа, домог зэргээс үзэхэд хувилгаан бээр анх тодорсон үеэс жанч халах хүртлээ номын хүчээр олон түмэнд буян үйлдэж, хүмүүний итгэл бишрэлийг хүлээж, шавь нартаа дотоод сэтгэлийн ариусал, гэгээрэл, амар амгаланг мэдрүүлж, өвчин зовлон, гай түйтгэрээс авран хамгаалж байсныг олон жишээгээр өгүүлж болно.
Ловон ширээт өргөөндөө заларч байгаа сургаар хошууны сүсэгтнүүд ном хуруулах, сан тавиулах, сэржим өргүүлэх, уул овоо тахих, мэргэ төлгө тавиулах зэрэг олон зүйлийн арга засал хийлгэхээр хувилгаанд бараалхан адис хүртэх бөгөөд үргэлжид хөл ихтэй байсан тухай нутгийн буурлууд хуучилдаг тухай Монгол Улсын Их сургуулийн Түүхийн тэнхимийн багш, түүхийн ухааны доктор (Ph.D), дэд профессор Э.Жигмэддорж, Хишиг-Өндөр сумын өндөр настан Д.Жаргалсайхан нараас тодрууллаа.