Европын Холбоонд элсэхээ Гүрж улс хойшлуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2024-11-29 16:28:30

ТБИЛИСИ, 2024 оны арваннэгдүгээр сарын 29 /AFP/. Гүрж улс Европын Холбоонд /ЕХ/ элсэх асуудлаарх яриа хэлэлцээг 2028 он хүртэл түр зогсоож, тус холбооноос үзүүлэх төсвийн буцалтгүй тусламжаас татгалзаж байгаагаа тус улсын эрх баригч Гүржийн мөрөөдөл нам пүрэв гарагт мэдэгджээ.


Тухайн өдрийн орой нийслэл Тбилиси хотод олон мянган жагсагчид цугларч эсэргүүцлээ илэрхийлжээ. "Засгийн газар ийм алхам хийснээрээ ард түмэнтэйгээ дайн зарлаж байна" гэж удахгүй халаагаа өгөх гэж буй Ерөнхийлөгч Саломе Зурабишвили мэдэгдсэн байна.


Ерөнхий сайд Иракли Кобахизегийн Засгийн газар болон ЕХ хэд хэдэн шалтгааны улмаас олон сарын турш санал зөрөлдсөөр ирсэн боловч 10 дугаар сарын сүүлчээр болсон сонгуулийн дараа энэ байдал улам даамжирчээ.


Гүржийн сөрөг хүчнийхэн "санал хураалтын үеэр луйвар хийсэн, хөндлөнгөөс оролцсон" хэмээн үзэж шинэ парламентыг бойкотолж байна. ЕХ мөн хөндлөнгийн мөрдөн шалгах ажиллагаа явуулахыг уриалжээ. Харин Тбилисийн Засгийн газар болон Сонгуулийн хороо "санал хураалт чөлөөтэй, шударга болсон" гэж үзэж байна.


Гүржийн мөрөөдөл” нам пүрэв гарагт мэдэгдэхдээ, гишүүнээр элсэх асуудлаарх яриа хэлэлцээг Гүржийг шантаажлах, тус улсад хувьсгал зохион байгуулах” зорилгоор ашиглаж байна гэж ЕХ-ны зарим удирдагчийг буруутгажээ.


Бид Европын Холбоотой хэлэлцээ хийх асуудлыг 2028 оныг дуустал хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулахгүй байхаар шийдсэн гэж тус нам мэдэгдсэн байна. Мөн 2028 оныг дуустал ЕХ-ноос олгох төсвийн буцалтгүй тусламжаас татгалзаж байгаагаа дурджээ. Гүрж улс гишүүнээр элсэх үйл явцыг түр хугацаагаар зогсоосон тухай ЕХ өмнө нь мэдэгдээд байв.

 


 

Холбоотой мэдээ