ДУНДГОВЬ: Эмэгтэйчүүдийн байгууллага 100 жилийн ойгоо тэмдэглэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬМандалговь, 2024 оны арванхоёрдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Энэ жил Монголын эмэгтэйчүүдийн байгууллагын үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиож байна.
МЭХ-ны Дундговь дахь
салбар, тус аймгийн ЗДТГ-тай хамтран Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхт 100
жилийн ойг 12 дугаар сарын 1-нд тэмдэглэж, 15 сумын 360 гаруй эмэгтэй оролцлоо.
Эхчүүдээ дээдлэн,
эмэгтэйчүүдээ хүндэтгэж ирсэн түүхэн уламжлалаа бэхжүүлэн Ази тивээс анх удаа
Монгол Улс 1924 оны Үндсэн хуулиараа эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд эрх тэгш хэмээн
хуульчлан тогтоож, эмэгтэйчүүдийн сонгох, сонгогдох улс төрийн эрх чөлөөг хүлээн
зөвшөөрсөн төдийгүй эмэгтэйчүүдийн анхны байгууллага болох “Бүсгүйчүүдийг боловсруулах тасаг”
байгуулснаар МЭХ-ны түүхэн хөгжил эхэлдэг.
Эмэгтэйчүүдийн байгууллагын
100 жилийн ойн баярын хурлын индэр дээрээс МЭХ-ны Дундговь дахь салбарын
тэргүүн Ж.Өлзийжаргал баяр хүргэж хэлсэн үгэндээ Эмэгтэйчүүдийн байгууллага ардын хувьсгалын дараах
он жилүүдэд эмэгтэйчүүдийг
гэгээрүүлэх, бичиг үсэгт сургах, боловсрол олгох, эрүүл мэндийг сайжруулах,
ажил, хөдөлмөр эрхлүүлэх, өрх бүрийг соёлжуулах, сонгуульд оролцуулах, өнчин
хүүхдүүдийг асран хамгаалах эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах зэрэг маш олон үйл ажиллагааг
хэрэгжүүлж, түүхэнд чухал үүрэг гүйцэтгэснийг онцлон тэмдэглэлээ.
Тус хурлын үйл
ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Ж.Мөнхчулуун, Засаг дарга С.Мөнхчулуун нар
оролцон баяр хүргэж, хүндэтгэл илэрхийлсэн төдийгүй "Асуудал - Шийдэл"
хэлэлцүүлэгт оролцож, эмэгтэчүүдийн байгууллага болон гэр бүл, хүүхэд,
эмэгтэйчүүдэд тулгамдсан асуудлыг сонсож, шийдвэрлэх алхмуудыг тодорхойлсон нь
тус хурлын онцлог байв.
Хурлын төлөөлөгчид
эмэгтэйчүүдийн байгууллагын үйл ажиллагааг
бодлогоор дэмжих, үйл ажиллагаа явуулах байрны асуудлыг шийдвэрлэх, малчин
эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, хүүхдийн шүдний эрүүл мэндийн асуудал болон орон
нутгийн хөгжил, дэд бүтэцтэй холбоотой олон асуудлаар санал бодлоо илэрхийлсэн
юм.
Дундговь аймгийн
Эмэгтэйчүүдийн байгууллагын хувьд аймаг үүссэн түүхэн үед анх байгуулагдаж, анхны
даргаар Тогоогийн Дэжид томилогдон ажиллаж байсан ба 82 жилийн хугацаанд Л.Цэцгээ
(14 жил),
Л.Дэнсмаа (20 орчим жил) нар тус байгууллагыг хамгийн олон жил удирджээ.
Тус үйл ажиллагааны үеэр
аймгийн Эмэгтэйчүүдийн байгууллагын дарга, тэргүүлэгчээр олон жил ажилласан
ахмадуудад хүндэтгэл илэрхийлж, идэвх санаачилгатай ажилладаг эмэгтэйчүүдийг
төрийн болон аймгийн шагнал, МЭХ-ны Хүндэт тэмдэг, 100 жилийн ойн дурсгалын
тэмдгээр шагнасан юм.
Дундговь аймгийн Эмэгтэйчүүдийн
байгууллагын даргаар 1992-2018 онд ажилласан Л.Дэнсмааг Дундговь аймгийн “Хүндэт иргэн”-ээр
өргөмжлөн шагналыг гардуулав.
Энэ үеэр Дундговь аймгийн Төв халхын дуулалт жүжгийн театрын уран бүтээлчид хурлын төлөөлөгчдөд зориулан “Хүндэтгэл” тоглолтоо толилуулжээ.