ДАРХАН-УУЛ: Зочлох үйлчилгээний 55 байгууллагаар 164.993 жуулчин үйлчлүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-12-03 12:42:27

Дархан, 2024 оны арванхоёрдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарласан. Үүнтэй уялдуулан дотоод, гадаадын жуулчдын урсгалыг орон нутагт татах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор аймгийн Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газраас аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй зочид буудал, амралт сувиллын газруудын төлөөлөлтэй уулзалт зохион байгуулж байна.




Дархан-Уул аймагт 2024 оны хагас жилийн байдлаар нийт 1050 ор бүхий 39 зочид буудал, 1391 ор бүхий 18 амралтын газар, 140 ор бүхий хоёр сувиллын газар, 300 хүүхэд хүлээн авах чадалтай нэг хүүхдийн зусланд нийт 515 хүн ажиллаж байна.




2024 оны гуравдугаар улирлын байдлаар зочлох үйлчилгээний 55 байгууллагаар гадаадын 4663, дотоодын 160.330 буюу нийт 164.993 жуулчин үйлчлүүлж, 9 үйл ажиллагаанд оролцжээ.



Тухайлбал Үндэсний их баяр наадам, Дархан хотын баяр, Алтан намар ургацын баяр, Дархан дрифт тэмцээн, мото цугларалт зэрэг үйл ажиллагааг гадаадын жуулчид үзэж сонирхжээ.


Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд голлох үүрэг гүйцэтгэх эдгээр газруудад тавигдаж буй ерөнхий шаардлага стандарт, эрх зүйн орчин, хийсэн хяналт шалгалт, цаашид анхаарах асуудлуудад холбогдох мэргэжлийн байгууллагууд уг сургалтаар мэдээлэл өглөө.




Сүүлийн жилүүдэд аялал жуулчлалыг дэмжсэн үйл ажиллагааг зохион байгуулснаар зочлох үйлчилгээний салбарыг эдийн засгийн эргэлтэд оруулах, олон улсад өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, дотоодын аялал жуулчлалыг дэмжихэд орон нутгаас ач холбогдол үзүүлж байна.


Жуулчдад модон жорлон хүндрэл үүсгэдэг байсан бол сүүлийн гурван жилийн хугацаанд эрс сайжирсан байна. Тухайлбал шинээр байгуулж буй амралтын газар, аяллын клубүүд боловсон болон зөөврийн ариун цэврийн байгууламж хэрэглэж хэвшжээ.











Холбоотой мэдээ