ГОВЬ-АЛТАЙ: 100 сурагчийг сургагч багшаар бэлтгэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2024-12-05 17:06:18

Говь-Алтай, 2024 оны 12 дугаар сарын 05 /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн О.Амгаланбаатарын санаачилгаар “Би цэвэр гартай хүүхэд” аян Говь-Алтай, Завхан, Ховд, Увс аймагт хэрэгжиж байна.


Эрүүл чийрэг, эрдэм мэдлэгтэй монгол хүүхэд өсөж торниход хүүхдийн гарын эрүүл ахуйг дэмжиж, тэдэнд гараа зөв угаах, арчлах дадал, хэвшлийг төлөвшүүлж, эрүүл мэндийн боловсролыг нь дээшлүүлэх зорилгоор УИХ-ын гишүүн Очирбатын Амгаланбаатарын санаачилгаар НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэй “Би цэвэр гартай хүүхэд” аян Ерөнхий боловсролын сургуулиудад хэрэгжиж байгаа.


Энэ оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд үргэлжлэх энэ аянаар ахлах ангийн сурагчид өсвөрийн сургагчаар бэлтгэхдээ бага ангийн сурагчдыг зөв дадал хэвшилд сургаж байгаа ажээ. Говь-Алтай аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн гуравдугаар ангид суралцаж буй 1080 сурагчийг гарын ариун цэврээ сахих, эрүүл ахуйн зөв дадал хэвшилд суралцахад нь дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа тухай Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газраас танилцууллаа. 


Аянд дээрх аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудын гуравдугаар ангийн нийт 7000 гаруй сурагч хоёр сарын хугацаанд хамрагдаж, гарын ариун цэвэр, гар угаасны ач холбогдлыг танин мэдэж, зөв дадал хэвшилд суралцах юм. Мөн түүнчлэн аян өрнөж байгаа Говь-Алтай, Завхан, Ховд, Увс аймаг бүрд оролцооны байгууллагын 100 сурагчийг сургагч багшаар бэлтгэснээрээ ихээхэн ач холбогдолтой гэдгийг УИХ-ын гишүүн О.Амгаланбаатарын зөвлөх М.Эрдэнэбилэг хэллээ.

Холбоотой мэдээ