Сэлбэ, Баянхошуу болон Ханын материалд нийт 20.000 айлын цогцолбор хорооллыг барина
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Нийслэл Улаанбаатар хотод ирэх жилүүдэд хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын томоохон төсөл, хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулагчдыг урихаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар тэргүүтэй албаны хүмүүс БНХАУ-ын Бээжин хотод ажиллаж байна. Энэ хүрээнд БНХАУ-ын дэд бүтэц, эрчим хүч, санхүү хөрөнгө оруулалтын салбар болон төрийн байгууллагын нийт 204 байгууллагын 450 төлөөлөлд Улаанбаатар хотод хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын томоохон төсөл, хөтөлбөрүүдийг танилцууллаа.
Гэр хорооллыг
орон сууцжуулж, олон улсын жишигт нийцүүлэх төслийн талаар хотын дарга
Х.Нямбаатар “Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг бууруулах, гэр
хорооллыг орон сууцжуулж, иргэдийн ая тухтай, таатай орчинд амьдрах нөхцөлийг
бүрдүүлэх төслийн хүрээнд Сэлбэ, Баянхошуу болон Ханын материалд 20.000
айлын цогцолбор хорооллыг барина. Ингэхдээ төрийн болон нийгмийн бүхий л
төрлийн үйлчилгээг нэг дороос хүртээмжтэй авах боломжийг бүрдүүлэх “20 минутын
хот” нэгдсэн төлөвлөлтийг хэрэгжүүлнэ” гэдгийг онцоллоо.
Сүхбаатар
дүүргийн 14, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороонд жишиг Сэлбэ хотыг
байгуулна. Уг төслийн инженерийн дэд бүтцийг хийж дууссан бөгөөд нийт 158 га
талбайн 2000 гаруй нэгж талбар чөлөөлөхөөс өнөөдрийн байдлаар 1700 гаруй айлын
газрыг чөлөөлөөд байгаа юм. Барилга угсралтын тендерийг дөрвөн багцад хуваан
ирэх оны нэгдүгээр сард зарлана.
Түүнчлэн
Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн 45 га талбайг хамарч
буй Баянхошуу хот төсөлд 5000 айлын орон сууцны хороолол барихаар төлөвлөсөн.
Одоогоор инженерийн бүтээн байгуулалтын ажил дууссан бөгөөд эхний ээлжийн 440
айлын ногоон орон сууцыг барьж буй. Албаны хүмүүсийн судалгаагаар уг бүтээн
байгуулалт ашиглалтад орсноор жилд нүүрсхүчлийн хийг 142 мянган тонноор
бууруулах боломжтой.
Мөн
Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Ханын материал орчмын 9.7 га талбайд
3000 айлын орон сууцны хорооллыг 2027 онд ашиглалтад оруулна. Энэ хүрээнд зураг
төслийг ирэх оны дөрөвдүгээр сард багтаан гүйцэтгэхээр төлөвлөж буй. Жилд 72
мянган тонн нүүрсхүчлийн хий бууруулах боломжтой уг төслийн газар чөлөөлтийн
явц 60 хувь буюу 135 нэгж талбарыг чөлөөлөөд байгааг хотын дарга хэлж байв.
Манай улстай адил төстэй цаг ууртай улс оронд энэ төрлийн төслүүдийг хэрэгжүүлж байсан туршлагатай БНХАУ-ын хөрөнгө оруулагчид хамтран ажиллах боломжийн талаар санал солилцож, төслийн хүрээнд дахин уулзалт зохион байгуулах хүсэлтээ илэрхийлэв.
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс