ХӨВСГӨЛ: Авлигатай холбоотой гомдол, мэдээлэл жилд дунджаар 50 гаруй ирж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-12-09 16:40:13

Мөрөн, 2024 оны арванхоёрдугаар  сарын 9 /МОНЦАМЭ/. Өнөөдөр Авлигын эсрэг олон улсын өдөр тохиож байна. 


Хөвсгөл аймагт Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Л.Түвшинбатаар ахлуулсан ажлын баг ажиллаж байна.


ИТХ-ын төлөөлөгч болон нийтийн албан тушаалтнуудад Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр, тухайн орон нутгийн авлигын нөхцөл байдлыг танилцуулах, авлигын эсрэг хууль тогтоомжийн талаарх мэдлэг ойлголтыг дээшлүүлэх, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалт, соён гэгээрүүлэх арга хэмжээг зохион байгуулж байна.


“Хөвсгөл аймгийн иргэдээс Авлигатай холбоотой гомдол мэдээлэл жилд дунджаар 50 гаруй ирдэг. Энэ нь бусад аймагтай  харьцуулахад их ирдэг гэдгийг Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Л.Түвшинбат онцолж байлаа.


Тус аймагт  аймаг, сумын ИТХ-д 554 төлөөлөгч сонгогдсоноос 45 хувь нь анх удаа сонгогдсон төлөөлөгч нар байна.


Нутгийн өөрөө удирдах байгууллага гэдэг нь нутаг дэвсгэрийнхээ хэмжээний эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие даан шийдвэрлэж, түүнийхээ төлөө хариуцлага хүлээдэг бөгөөд энэхүү эрхээ хэрэгжүүлэхдээ ил тод байх зарчимтай.


Ил тод байна гэдэг нь гаргаж буй тогтоол шийдвэрээ иргэддээ нээлттэй байлгах, түүний хэрэгжилтэд бодитой хяналт тавих, тайлагнадаг, ашиг сонирхлоос ангид байх явдал" гэдгийг Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг анхааруулан зөвлөж байлаа.

 

Холбоотой мэдээ