Белград хотын нийтийн тээврийг төлбөргүй болгоно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
БЕЛГРАД, 2024 оны арванхоёрдугаар сарын 19 /DW/. Белград хотын захиргаа 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчихыг оршин суугчдад санал болгох гэж байна.
Сербийн нийслэл хотын дарга Александр Сапич лхагва гарагт мэдэгдэхдээ, энэ санал бол тасалбар авахын тулд хэн ч төлбөр төлөх шаардлагагүй болно гэсэн үг гэв. Нийт 1.7 сая оршин суугчтай Белград хот бол метроны газар дорх байгууламжгүй Европын цөөхөн нийслэл хотуудын нэг юм. Гэхдээ нийтийн тээврийг үнэ төлбөргүй болгосон Европын анхны хот биш бөгөөд өмнө нь Люксембург, Эстонийн Таллин зэрэг хотод ийм шийдвэр гаргаж байлаа.
Белград хотод автомашин маш олон бөгөөд оршин суугчид хотын эргэн тойронд машинаар зорчихдоо олон цагаар түгжирдэг байна. Сүүлийн 10 жилд автомашины тоо 250 мянгаар нэмэгдсэн гэдгийг А.Сапич дурджээ. Эрх баригчид 2030 он гэхэд метро барина гэж амласан боловч энэ төлөвлөгөө олон удаа хойшилж, гацаанд орсон хэвээр байна.
А.Сапич мөн 2027 он гэхэд хотын автобус, трамвай, троллейбусны паркийг бүрэн шинэчилнэ гэж амлажээ. 1892 оноос хойш ажиллаж байгаа Белградын трамвайн шугамны нийт урт 127 км бөгөөд Европ дахь хамгийн урт сүлжээнүүдийн нэг юм.