ОРХОН: Цахилгаан эрчим хүч сайжруулахад 39,6 тэрбум төгрөг зарцуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov.mn
2024-12-24 09:01:36

Баян-Өндөр, 2024 оны арванхоёрдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Орхон аймгийн ИТХ-ын ээлжит бус 2 дугаар хуралдаан энэ сарын 25-нд болно.


Хуралдаанаар аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон аймгийн 2025 оны төсвийг хэлэлцэх юм. Орхон аймгийн 2025 оны төсвийн төслийн онцлог нь техник тоног төхөөрөмж, авто машин зэрэг тэвчиж болох зардал хөрөнгө оруулалтыг хасаж, жилийн төсвийнхөө 80 гаруй хувийг цахилгаан эрчим хүчийг сайжруулан шинэчлэхээр төсөвлөжээ.


Сүүлийн жилүүдэд хотын хүн ам өсөн нэмэгдэж, орон сууц барилгажилт ихээхэн барих болсонтой холбогдуулан  цахилгаан эрчим хүч, инженерийн шугам сүлжээг шинэчлэх ажил зайлшгүй хийх шаардлага тулгараад байгаа юм.

 

Үүнтэй холбогдуулан цахилгаан эрчим хүчний өнөөгийн нөхцөл байдал, мэргэжлийн байгууллагуудад тулгамдаж асуудлын талаар аймгийн ЗДТГ-аас хэлэлцүүлэг зохион байгуулсан юм.


Хэлэлцүүлэгт мэргэжлийн байгууллагын төлөөлөл,“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон Монгол Улсын зөвлөх зэрэгтэй инженерүүд оролцож цаашид хийж хэрэгжүүлэх ажлаа төлөвлөсөн байна.


Орхон аймгийн хувьд орон нутгийн төсвийн 39,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг цахилгаан эрчим хүчийг сайжруулахад зарцуулахаар төсөвт оруулаад байна. 


2025 онд аймгийн цахилгаан хангамжийг сайжруулах, хүчдэлийн уналтыг арилгахаар “Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК 28 тэрбум 986 сая төгрөгийн 7 арга хэмжээ, “Эрдэнэт Ус ДТС” ОНӨХК 10 тэрбум 600 сая төгрөгийн 3 ажлыг орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.


Мөн хүчдэлийн уналт сайжруулах чиглэлээр 1,1 тэрбум төгрөг, хэрэглэгчдийг найдвартай цахилгаан эрчим хүчээр хангаж тойрог схем үүсгэх ажилд 3,3 тэрбум ,цахилгаан тоноглолын шинэчлэлийн ажилд 6,1 тэрбум төгрөг тус тус зарцуулахаар төсөвт оруулжээ.


Холбоотой мэдээ