Ж.Байден цаазын ялтай 37 хүний ялыг хөнгөрүүлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 24 /VOA/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден цаазаар авах ялаар шийтгүүлсэн 40 хүний 37-гийнх нь ялыг бүх насаар нь хорих ял болгон хөнгөрүүлжээ. Тэрбээр энэ шийдвэрийг цаазын ялыг дэмждэг Дональд Трамп тангаргаа өргөхөөс хэдхэн долоо хоногийн өмнө гаргалаа.
Ингэснээр цагдаа, цэргийн албан хаагчдын амийг хөнөөсөн, банк дээрэмдэхэд оролцсон, мансууруулах бодис наймаалсан, түүнчлэн холбооны улсын шоронгуудийн харгалзагч, хоригдлуудын амийг хөнөөсөн хэргээр цаазын ялаар шийтгүүлсэн хүмүүс цаазын ялаас өршөөгдөж байгаа юм.
“Би хүчирхийллийг бууруулах, шүүхийн шударга тогтолцоог бий болгохын төлөө бүх карьераа зориулсан. Өнөөдөр би холбооны хуулийн дагуу цаазаар авах ялаар шийтгүүлсэн 40 хүний 37-гийнх нь ялыг хугацаанаас өмнө суллах боломжгүйгээр бүх насаар нь хорих ял болгон хөнгөрүүлж байна. Энэ шийдвэр бол олон хүний аминд хүрсэн террорист халдлага, үзэн ядах сэдлээр үйлдсэн гэмт хэргүүдээс бусад хэргээр оноосон цаазын ялыг хойшлуулах миний засаг захиргааны шийдвэртэй нийцэж байна" гэж Ж.Байден мэдэгджээ.
Нэгдүгээр сарын 20-нд тангаргаа өргөж, үүрэгт ажилдаа орох Д.Трамп цаазаар авах ялыг гүйцэтгэх тухай байнга ярьдаг. Өнгөрсөн сонгуулийн кампанит ажлынхаа үеэр тэрбээр ярихдаа "мансууруулах бодис наймаалж байгаад баригдсан хүмүүсийн цаазын ялыг гүйцэтгэхийг” уриалж байв. Мөн мансууруулах бодис, хүний наймаачдыг цаазална гэж мэдэгдээд, Хятад улс мансууруулах бодис наймаалагчдад хатуу хандаж буйг сайшаажээ. Ерөнхийлөгчөөр сонгогдсон эхний бүрэн эрхийнхээ хугацаанд Д.Трамп мансууруулах бодисны наймаачдад цаазаар авах ял оноохыг дэмжиж байсан юм. Энэ хугацаанд холбооны улсын хуулиар цаазаар авах ял шийтгүүлсэн 13 хүний ялыг гүйцэтгэсэн нь орчин үеийн түүхэнд эл хэргээр хамгийн олон хэрэгтнийг цаазалсан тохиолдол болжээ. Түүнчлэн 2003 оноос хойш цаазаар авах ялыг гүйцэтгэсэн анхны тохиолдол болсон байна.
АНУ-ын Ерөнхийлөгч мөн 1500 орчим хоригдлын ялыг хөнгөрүүлж, хүчирхийллийн бус гэмт хэрэг үйлдсэн 39 хүнд өршөөл үзүүлсэн нь тус улсын түүхэнд нэг удаагийн шийдвэрээр хамгийн олон хүнд өршөөл үзүүлсэн тохиолдол болжээ. Түүнчлэн Ж.Байден мөн галт зэвсэг хууль бусаар эзэмшсэн, татвараас зайлсхийсэн хэрэгт буруутгагдсан хүү Хантерыгаа өршөөсөн юм.