ХӨВСГӨЛ: Эрүүл мэндийн салбар зөвлөл байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-12-26 12:41:06

Мөрөн, 2024 оны арванхоёрдугаар  сарын 26 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар аймгийн хэмжээнд эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх зорилготой "Эрүүл мэндийн салбар зөвлөл” байгуулах захирамж гаргалаа.


Салбар зөвлөлийн бүрэлдэхүүнд эрүүл мэндийн салбарт ажиллаж буй төр, хувийн хэвшлийн бүх төлөөллүүдийг оролцуулж санал бодлыг тусгаж ажиллах юм байна.


Засаг дарга Л.Төмөрбаатар “Мөрөн хотод өнөөдрийн байдлаар Хүүхдийн тасгийн ачаалал их, дуудлага их байна.


Ханиад томууны улмаас Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасаг ачаалал нэмэгдэж ор хүрэлцэхгүй байгаа тул нэмэлтээр ор дэлгэж, эмч мэргэжилтнүүдийн тоог нэмэгдүүлсэн.


Сүүлийн үед эмнэлгээр үйлчлүүлж буй иргэдийн дараалал маш их, нэг эмчид ноогдох үйлчлүүлэгчийн тоо ачаалал их, хүний нөөц дутагдалтай байгаа зэрэг олон тулгамдсан асуудал байгаа учраас “Эрүүл мэндийн салбар зөвлөл” байгуулна” гэдгийг хэллээ.


Хөвсгөл аймагт 159 төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагад 1709 эмч, мэргэжилтнүүд ажиллаж байна.

 

 

Холбоотой мэдээ