ДОРНОГОВЬ: Эрүүл мэндийн салбарынхан өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬСайншанд, 2024 оны арванхоёрдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчлөл "тахал тархалт"-ын түвшинд хүрсэнтэй холбогдуулж Эрүүл мэндийн газрын даргын 2024 оны тушаалаар нийт эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааг 12 дугаар сарын 24-нөөс 2025 оны хоёрдугаар сарын 1-нийг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүллээ.
Аймгийн Нэгдсэн эмнэлгийн амбулаториор хүүхдийн эмчид үзүүлж байгаа 100 гаруй үзлэгийн 90 гаруй хувь нь томууны өвчлөл байгаа юм. Өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд ЭМГ-т хариуцлагатай жижүүрийг 24 цагаар томилон, эрүүл мэндийн байгууллагуудад хуваарийн дагуу өдөр тутмын хяналт тавьж, тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэж, иргэдийн санал хүсэлтийг 86868875 дугаарт авч шийдвэрлэж байгаа талаар аймгийн ЭМГ-аас мэдээлэв.
Мөн дээрх салбарын байгууллагуудыг илүү цагт шилжүүлж, эмнэлгүүдэд нэмэлтээр ор дэлгэн, хүний нөөцийг нэмэгдүүлэн шаардлагатай эм, урвалж, шатахууны нөөцийг бүрдүүлэх зохицуулалтыг хийж буй. Өрх, сумын эрүүл мэндийн төвүүдийн гэрийн эргэлтийг эрчимжүүлж, өдрийн эмчилгээг нэмэгдүүлэх, урьдчилан сэргийлэх зөвлөмж, сургалтыг хийхээс гадна отор нүүдлээр яваа малчин иргэдэд хүрэх эмнэлгийн тусламжийн хүртээмжийг нэмэгдүүлэх, ЭМГ-аас өглөө бүр эрүүл мэндийн байгууллагуудаас тусламж үйлчилгээний мэдээг нэгтгэн, шаардлагатай хариу арга хэмжээг авах зохицуулалтыг хийж байна.