ДОРНОГОВЬ: Ардын жүжигчин Д.Ухнаа агсны хүндэтгэлийн өргөөг тохижуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2025-01-03 13:34:20

Сайншанд, 2025 оны нэгдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Иххэт сумын Соёл, спортын төвийн нэгэн танхимд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Соёлын гавьяат зүтгэлтэн, ОХУ-ын Буриадын Урлагийн гавьяат зүтгэлтэн, СУИС-ийн хүндэт профессор Данзанваанчигийн Ухнаа агсны хүндэтгэлийн өргөө бий.


Энэ өргөөнд түүний эдэлж хэрэглэж байсан эд зүйлс, тэмдэглэлийн дэвтэр, үзэг бал, гар утас, бугуйн цаг, гавьяа шагнал, тоглолтын хувцас, зохион байгуулж байсан уран бүтээлийн тоглолтын он цагийн хуанли, уран бүтээлийн тоглолтын жагсаалт, урлагийн бүтээлийн цомог, гадаад, дотоодод соёл урлагийн ажлаар явж байхдаа цуглуулж байсан дурсгалын зүйлүүд гээд цаг хугацаа, үйл явдлыг өгүүлсэн олон зүйлсийг дэлгэсэн байна.


Энэхүү танхимыг Д.Ухнаа агсны гэр бүл үр хүүхдүүд нь сумын Соёл, спортын төвийн хамт олонтой хамтран тохижуулжээ. Тэрээр 1941 онд Дорноговь аймгийн Иххэт суманд төрсөн. 1960 онд тухайн үеийн Улсын хөгжимт драмын театрын найрал дууны ангид дуучнаар Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт, хормейстр Дагвын Лувсаншаравын шавь болон анх ажилласнаас хойш 60 жил тасралтгүй Монголын урлагт хөдөлмөрлөжээ.




Болгар Улсын Софи хотноо Хөгжмийн дээд сургуулийг 1967-1972 онд дуурийн дуучин мэргэжлээр төгссөн. 1980-1981 онд Москва хотын Театр-урлагийн дээд сургуулийг эстрад-концертын найруулагч буюу талбай, цэнгэлдэх хүрээлэнгийн тоглолтын найруулагч мэргэжлээр, 1984 онд Москва хотноо Удирдлагын институтын дээд курс, 1985 онд Улаанбаатар хотноо Удирдлагын институтын дээд курсийг тус тус төгсжээ.


Д.Ухнаа 1960 оноос Улсын хөгжимт драмын театрт дуучнаар ажиллаж байхдаа Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой” дуурийн ард өвгөн, худалдаачин, Д.Лувсаншаравын “Хан бүргэд” дуурийн Дэмчигбал, Б.Дамдинсүрэнгийн “Тэмцэл” дуурийн орос офицер, П.И.Чайковскийн “Евгений Онегин” дуурийн ноён Гиле, Дж.Пуччини “Чио чио Сан” дуурийн комиссар зэрэг гол болон туслах дүрийг бүтээж үзэгчдээс өндөр үнэлгээ авч байсан ба 210 гаруй концертод гоцлол дуучин, концертын хөтлөгчийн үүрэг гүйцэтгэж байснаас гадна театрын ХЗЭ-ийн хорооны даргын сонгуульт ажлыг давхар гүйцэтгэж байжээ.


Улсын Филармонид гавьяаныхаа амралтад гарах хүртлээ 1976-1983 онд гоцлол дуучин, концертын хөтлөгч, туслах найруулагч, найруулагч, 1983-2001 онд 18 жил Улсын Филармонийн даргын ажлыг хийж байсан юм. Түүний аав Дашийн Данзанваанчиг 1945 оны чөлөөлөх дайнд оролцож, эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдлын төлөө амь бие хайрлалгүй тэмцэж явсан Дорноговь аймгаас төрсөн улсын баатар юм.

Холбоотой мэдээ