Ерөнхийлөгчийн нэрэмжит цом Хонгор нутагт "зочлов"
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жилийн ойд зориулсан “Ерөнхийлөгчийн нэрэмжит цом”-ын төлөөх шилдэг 128 бөхийн барилдаанд Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Хонгор нутаг” дэвжээний бөх, улсын начин Э.Батмагнай долоон даван түрүүлж, Төрийн тэргүүний нэрэмжит цомыг хүртсэн билээ.
Ингэснээр тэр энэхүү цомыг авсан 10 дахь бөх болсон юм. Тэгвэл Баянхонгорынхон “Ерөнхийлөгчийн нэрэмжит цом”-той болсон зургаа дахь аймаг болж байна. Үүнээс өмнө Ховдын бөхчүүд тав, Увсынх гурав, Булганых хоёр, Архангай, Сэлэнгийнхэн бүр бүр нэг удаа цом өргөж байлаа.
Цомын эзэн болсон улсын начин Э.Батмагнай, дасгалжуулагч С.Мөнхдуулдахын хамт Баянхонгор аймгийн удирдлагуудтай уулзаж, “Ерөнхийлөгчийн нэрэмжит цом”-ыг төрсөн нутагтаа морилуулсан байна. Тэднийг Баянхонгорын Засаг дарга Д.Мөнхсайхан хүлээн авч баяр хүргэсэн бөгөөд төрийн тэргүүний авшиг, ерөөлийг төрөлх нутагтаа авч ирсэнд талархал илэрхийлжээ. Энэ үеэр Э.Батмагнай, С.Мөнхдуулдах нар 4.5 сая төгрөгийн үнэ бүхий чөлөөт бөхийн 30 ширхэг иж бүрэн өмсгөлийг аймгийнхаа шинэ залуу бөхчүүдийн бэлтгэл сургуулилтад дэмжлэг болгон хандивласан байна.