ЗАВХАН: Иргэн бүр ковидын үед мөрдөж байсан дэглэмийг сахих хэрэгтэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-01-08 18:06:56

Улиастай, 2025 оны нэгдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт ирж буй ойрын дуудлагын 90 хувь нь томуугийн дуудлага эзэлж байна.


Томуугийн дэгдэлттэй холбоотой хоногт ирдэг дуудлага нэг дахин нэмэгдсэн. Өдөртөө 30-40 дуудлага ирдэг, үүний 90 орчим хувь нь томуу томуу төст өвчин хүндэрсэн, амьсгал боогдсон, өндөр халуурсан, ханиалгасан гэсэн бага насны хүүхдийн дуудлага байна гэж Завхан аймгийн Яаралтай тусламжийн тасгаас мэдээлэв.


Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгийн Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч, их эмч Э.Цэрэндолгор:

Өрхийн эмнэлгүүдэд түргэвчилсэн тест тавьж байгаа

-Яаралтай тусламжийн тасагт ирж байгаа дуудлагуудын хэчнээн хувийг хүүхдийн дуудлага эзэлж байна вэ?

-Вирусний халдвартай холбоотой дуудлагын тоо ихэссэн байна. Ялангуяа шөнийн цагаар уушги болон зүрхний архаг суурь өвчтэй ахмад настнууд амьсгал боогдсон. Бага насны хүүхдүүд өндөр халуурсан, халуундаа таталт өгсөн, амьсгал боогдсон гэсэн зовуурьтай дуудлага өгч байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн 95 хувь нь томуу, томуу төст өвчин хүндэрсэн, уушгины хатгаатай, амьсгал боогдсон оноштойгоор яаралтай дуудлагаар ирж хэвтэн эмчлүүлж байна.


-Хүүхдийн амралттай холбоотой хүүхдийн дуудлага буурахгүй байгаа юу?

-Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн хувьд яаралтай дуудлага харьцангуй бага, харин цэцэрлэгийн насны, нярай хүүхдүүдийн дуудлага их байна. Шинэ жилийн үеэр ихэсдэг цочмог халдвар, хордлогын дуудлага харьцангуй бага байгаа. Харин авто машины осол, гэмт хэргийн шинжтэй, ахуйн ослын дуудлага баяр ёслол, улирлын онцлогтой холбоотой бага зэрэг нэмэгдсэн байна.


-Томуугийн дэгдэлтийг бууруулахын тулд иргэдэд ямар зөвлөгөө өгөх вэ?

-Иргэн бүр ковидын үед мөрдөж байсан дэглэмийг сахих хэрэгтэй. Өнгөрсөн 12 дугаар сарын 16-22-ны хооронд Улаанбаатар хот, 10 аймгийн томуугийн харуулдан тандалтын эмнэлгүүдэд цугларсан 474 хүний хамар, залгиурын арчдасаас томуу, корона, синтициал вирус илрүүлэх шинжилгээг Томуугийн үндэсний төв хийсэн. Шинжилгээгээр томуугийн A хүрээний H1N1 вирус, синтициал вирус, коронавирус илэрсэн. Яг одоо хүн амын дунд эдгээр вирус амьсгалын замын хүнд өвчин үүсгэж, эмнэлэгт хэвтэхэд хүргэж байгааг ЭМЯ-аас мэдээлсэн.


Ялангуяа манай аймагт H1N1 вирусний халдвар их байгаа нь батлагдсан. Энэ вирус 99 хувийн халдвартай гэж үздэг.


Хүнээс хүнд агаар дуслын замаар дамжиж халддаг учир маш богино хугацаанд олон хүнийг хамран өвчлүүлдэг. Амьсгалын эрхтнээр дамжин, хүний цусанд орж, уушги, хоолойноос гадна бүх эрхтэн тогтолцоонд нөлөөлдөг. Тиймээс вирусний халдвараас сэргийлэх гол арга нь ариун цэврийн дэглэм чанд сахих. Сүүлийн хоногуудад иргэд эмнэлгээр үйлчлүүлэхдээ амны хаалтаа сайн зүүж байна. Гэхдээ амны хаалтаа удаан хэрэглэх, халдвартай гадарга хэсгээр нь оролдох, хэрэглэсэн амны хаалтаа гэр орондоо удаан байлгах нь эрсдэл үүсгэж байна. Амны хаалтаасаа халдвар авахгүй, зөв хэрэглэхэд дадах хэрэгтэй. Гэртээ чийгтэй цэвэрлэгээ хийж, хоёр цаг тутам агааржуулах. Олон нийтийн дунд орвол зай барих. Халдвартай гадуур хувцсаа гэртээ оронгуут тайлах, хувцастайгаа явахгүй байхад анхаарахгүй бол халдвар дамжих эрсдэлтэй. Ариун цэвэр, халдвар хамгааллын дэглэмээ барьж чадвал халдварын дэгдэлтийг бууруулах бүрэн боломжтой. Тиймээс гарын ариун цэврээ сахь, амны хаалтыг тогтмол хэрэглэ, хүн хоорондын зайгаа барь гэж зөвлөх байна.


-Ковидын үед хэрэглэж байсан түргэвчилсэн тестийг тавьж байгаа юу?

-Манай тасагт дуудлагаар ирсэн нэн яаралтай буюу өндөр халуурсан, амьсгал боогдсон, ханиалгасан, вирусний халдварын шинжтэй хүмүүст түргэвчилсэн тестээр шинжилгээ хийж байгаа. Мөн аймгийн төвийн өрхийн эмнэлгүүдэд иргэд өөрсдөө сайн дураараа хандаж түргэвчилсэн тест тавиулах боломжтой.


-Алсын дуудлага хэр байна вэ? Эмч сувилагч хүрэлцээтэй байгаа юу?  

-Яаралтай тусламжийн тасагт хоёр эмч, хоёр сувилагч ойрын дуудлагын нэг жолооч гээд нэг баг нийт 10 хүний бүрэлдэхүүнтэй хоёр ээлжээр 24 цагаар ажиллаж байна. 2024 онд 140 орчим алсын дуудлагаар аймгийн 24 суманд үйлчилсэн. Алсын дуудлагын төрлөөс хамаарч манай тасгийн эмч, сувилагч нараас гадна бусад нарийн мэргэжлийн эмч, сувилагч нар ажилладаг онцлогтой. Мөн нийслэл Улаанбаатар хот руу 3-р шатлалын эмнэлэгт 100 гаруй иргэнийг алсын дуудлагаар хүргэсэн байна. Алсын дуудлагын 90 орчим хувь нь төрөх, мэс засал, мэдрэлийн чиглэлийн дуудлагууд байна.

-Танд баярлалаа. 

Холбоотой мэдээ