Г.Монфис “ATP Tour” тэмцээнд түрүүлсэн хамгийн ахмад тамирчин болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2025-01-13 17:28:52

ОКЛЕНД, 2025 оны нэгдүгээр сарын 13 /CNN/. Францын теннисчин Гаэль Монфис Шинэ Зеландын Окленд хотод болсон ASB Classic тэмцээнд түрүүлснээр 2019 онд Рожер Федерерийн тогтоосон амжилтыг эвдэж, ATP Tour” ангиллын тэмцээний ганцаарчилсан төрөлд түрүүлсэн хамгийн ахмад тамирчин болжээ


38 настай Г.Монфис финалын тоглолтод Бельгийн теннисчин Зизу Бергсийг буулган авснаар энэ ангиллын тэмцээний 13 дахь түрүүгээ хүртсэн байна. 


Энэ бол маш утга учиртай ялалт байлаа. Нас бол тоо. Гэхдээ бид цаашид үргэлжлүүлэн ажиллах болно. Миний бие чансаа өндөр тэмцээнүүдэд оролцож чадна гэдэгтээ итгэлтэй хэвээр байгаа бөгөөд энэ долоо хоногт үүнийгээ үзүүлж чадсандаа маш их баяртай байна. Би анхны цомоо 20 жилийн өмнө өргөж байсан. Теннис тоглох хүсэл маань хэвээр байна. Би бөмбөгийг маш сайн цохиж байгаа гэдгээ мэдэрч байна. Цаашид олон тэмцээнд оролцох боломж ирнэ гэж найдаж байна” хэмээн Г.Монфис талбай дээр ярилцлага өгөх үеэрээ хэлжээ.


Өдгөө 38 нас дөрвөн сартай Г.Монфис нь Р.Федерер зургаан жилийн өмнө Базельд түрүүлж байсан үеийнхээс хоёр насаар ахмад юм. Дэлхийн чансааны 52 дугаарт бичигдэж буй Францын тамирчин 2005 онд анхны түрүүгээ хүртэж, 2016 онд дэлхийн чансааны зургаадугаарт эрэмбэлэгдэж, 20 гаруй жилийн турш ATP Tour-ийн гол оролцогч байсаар иржээ.


Оклендэд бямба гарагт болсон Франц, Бельгийн теннисчдийн тоглолт 48 минутын турш үргэлжилж, 6:3, 6:4 онооны харьцаагаар өндөрлөсөн байна. Одоо хоёр тамирчин Австралийн нээлттэй тэмцээнд оролцоно. Г.Монфис эхний тойрогтоо нутаг нэгт 21 настай Жванни Мпетши Перрикартай, харин З.Бергс Аргентины Факундо Диаз Акостатай тоглохоор оноолт таарчээ.

 


Холбоотой мэдээ