Хоошёорюү С.Бямбасүрэн ёкозүна цолын төлөө барилдаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Мэргэжлийн сумогийн Хацү башё Японы Токио хотод үргэлжилж байна.
Энэ удаагийн башёд бэртлийн улмаас удаан хугацаанд барилдаагүй байсан ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ дэвжээнээ эргэн ирсэн бол озэки Хоошёорюү С.Бямбасүрэн болон Котозакүра нар ёкозүна цолын төлөө барилдаж буй. 73 дахь аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийн хувьд гурван өдрийн дараа даваатай боллоо. Тэр нээлтийн барилдаанд унасан ч өчигдөр, өнөөдөр тун хянуур барилдан даваагаа ахиулав.
Тэгвэл ёкозүна цол горилогч озэки Хоошёорюү С.Бямбасүрэнгийн тухайд одоогоор нэг ч унаагүй байна. Гурван өдөр дараалан давсан тэрбээр энэ башёд түрүүлэх, 13-14 даваатай үзүүрлэхэд ёкозүна болох магадлалтай байгаа юм. Харин озэки Котозакүрагийн хувьд ёкозүна болох мөрөөдөл нь салхинд хийсэж байх шиг. Тэрбээр хоёр өдөр дараалан өвдөг шороодсон нь зорилгодоо хүрэхэд маш том саад болох нь дамжиггүй.
Түүнчлэн озэки цолоос маэгашира болтлоо чансаа буурсан Киришима Б.Лхагвасүрэн гурван өдөр дараалж уналаа. Маэгашира цолтнуудыг тэргүүлэн барилдаж буй түүний хувьд дахин тав унахад чансаа тавин хувийн амжилтаа үзүүлэх боломжгүй болох юм. Макүүчи зиндаанд барилдаж буй Монголын бусад сумочоос Чиёошома Г.Мөнхсайхан, Тамаваши Б.Мөнх-Оргил нар гурав дахиа давж, тэргүүлэгчдийн эгнээнд хэвээр үлдсэн бол Ошома П.Дэлгэрбаяр, Оонокацү Б.Чойжилсүрэн, Тамашохо Э.Энхманлай нар тус бүр нэг даваатай башёг үргэлжлүүлж байна.