ДАРХАН-УУЛ: Хүнсний улаан буудайн дотоодын нөөц хангалттай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан, 2025 оны нэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Өнөөдөр ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр дотоодын гурил үйлдвэрлэгч ААНБ-ын төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтаар өнгөрсөн жилийн ургацын тайлан, дүн мэдээллийг нэгтгэх, гурилын үйлдвэрүүдийн авсан буудайн хэмжээ, улсын нөөцөд байгаа буудайн тоо хэмжээтэй уялдуулан энэ онд үйлдвэрлэх гурилын хэмжээг тогтоохоор ярилцлаа.
Өнөөдрийн байдлаар дотоодын гурилын үйлдвэрүүд нийт 210.000 орчим тонн буудай нөөцөлжээ. Мөн Хөдөө аж ахуйн корпорац ТӨХК-ийн нөөцөд 70 мянган тонн хүнсний буудайн нөөцтэй байна. Иймд 2025 онд дотоодын үйлдвэрт шаардлагатай хүнсний улаан буудайн нөөц хангалттай байна гэж Хөдөө аж ахуйн корпорацын захирал Б.Цогтсаран онцоллоо.
Өнөөдрийн уулзалтад Улаанбаатар, Өег, Милл хаус, Од групп, Хөвсгөл Алтан дуулга зэрэг дотоодын идэвхтэй үйлдвэрлэл явуулж буй есөн ААНБ-ын долоо нь ирж оролцсон бөгөөд тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх бодлого шийдвэрийн талаар ярилцлаа.
Гурилын үйлдвэрүүдийн хөндөж буй гол асуудал нь гаалийн албан татвар, үнэ тарифын асууд байлаа. Үйлдвэрүүдийн хүчин чадал 30-50 хувь буурсан, сул зогсолт их болж, цалин, хөлс олгоход хүндрэл учирч байна гэв.
Сул зогсолт ихсэж, бүрэн хүчин чадлаараа ажиллах боломжгүй болсон үндсэн шалтгаан нь борлуулалт буурсантай холбоотой гэж өнөөдрийн уулзалтад оролцсон гурил үйлдвэрлэгчдийн төлөөлөл онцолж байна.
Тиймээс импортоор орж ирж буй гурилын тоо хэмжээ чухал нөлөө үзүүлж буй тул дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжсэн шийдвэр бидэнд хэрэгтэй байна гэлээ.
Цаашид дотоодын гурил үйлдвэрлэгчид нэгдсэн холбооныхоо зохион байгуулалтыг сайжруулж, тогтвортой байдлаа бүрэн хангаж, нэгдсэн бодлого шийдвэр гаргаж, дунд хугацаанд хийх ажлын төлөвлөгөө боловсруулж, нэгдмэл зорилготой байхыг ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр тодотгов.