Америкийн атомын бөмбөгийг Европт байрлуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-01-20 10:31:37

ВАШИНГТОН, 2025 оны нэгдүгээр сарын 19 /RT/. Шинэчлэн сайжруулсан “B61-12” атомын бөмбөгийг Европт байрлуулсан тухай АНУ-ын Үндэсний цөмийн аюулгүй байдлын газрын дарга Жилл Хруби мэдэгджээ. 


Тэрбээр мэдэгдэхдээ, дэлхийн “цөмийн газрын зураг” ихээхэн өөрчлөгдөж, дэлхийн олон туйлт дэг журам урьд өмнө байсантай харьцуулахад илүү нарийн төвөгтэй болоод байна хэмээн онцлоод, “цөмийн хориг” зөрчигдөж болзошгүйг үгүйсгээгүй байна. Түүнчлэн АНУ цөмийн тогтоон барих чиглэлд Их Британи зэрэг улсуудтай хамтран ажиллаж байгааг дурджээ. 


АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден гадаад бодлогынхоо талаарх сүүлчийн илтгэлдээ, тус улс Украиныг дэмжсэн нь Оростой цөмийн сөргөлдөөн үүсгэх эрсдэлийг бий болгосон гэдгийг хүлээн зөвшөөрсөн юм. 


АНУ сүүлийн 15 жилийн хугацаанд Их Британид анх удаа цөмийн зэвсэг байрлуулахаар төлөвлөж байна гэж "The Telegraph" сонинд Пентоганы төрийн худалдан авалтын газрын мэдээллийг эш татан өнгөрсөн оны нэгдүгээр сард мэдээлж байв. Тодруулбал, Хирошима хот дээр хаясан бөмбөгөөс гурав дахин их буюу 50 килотонны хүчтэй "В61-12" бөмбөгийг байрлуулна гэж тус сонинд бичжээ. 


"B61-12" бөмбөгийг шинэчлэн сайжруулах хөтөлбөр дууссан тухай NNSA өнгөрсөн долоо хоногт мэдэгджээ. "B61" ангиллын бөмбөгүүд бол АНУ-ын цөмийн зэвсэглэл дэх хамгийн хуучин бөгөөд универсал зэвсэг гэдгийг тус байгууллага дурдсан байна. "B61-12" нь  "B61-3", "B61-4", "B61-7", "B61-10" бөмбөгүүдийг орлох аж. Уг бөмбөгийг 2008 онд зохион бүтээж эхэлсэн бөгөөд 2021 оноос үйлдвэрлэж эхэлжээ. 


Одоо NNSA "B61-13" атомын бөмбөгийг зохион бүтээх ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна. Энэ бөмбөг нь "B61-7"-той адил хүчтэй байх ба зарим хуучирсан атомын бөмбөгийн оронд зэвсэглэлд оруулна гэж "Defense News" сонинд бичжээ. "B61-7" нь "B61-12"-оос илүү хүчтэй. Америкийн Эрдэмтдийн холбооны (FAS) мэдээллээр, "B61-7"-гийн дэлбэрэлтийн хүч 360 килотоннтой тэнцдэг бол "В61-12"-ынх 50 килотонн ажээ.


Холбоотой мэдээ