ХӨВСГӨЛ: Хөвсгөл нуурт 7 км урт хар хил гарчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛМөрөн, 2025 оны нэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Ойрын өдрүүдэд цаг агаар дулаарч, Хөвсгөл нуурын зарим хэсэгт хар хил гарсан байна. Тодруулбал, Ханх сумын төвөөс урд зүгт Арван гурван овоо гэдэг газраас Хирвэсийн үзүүр гэдэг газар хүртэл 7 км орчим цагаан хил гарсан байна.
Иймээс иргэд, аялагчдыг Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр хөдөлгөөн үйлдэхгүй байхыг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.
Хар хил гэдэг нь хагарсан мөс хоёр тийш ангайн завсар гарч, дундуур нь ус мэлтэлзэж байхыг хэлдэг бол цагаан хил гэдэг нь мөс хагарч хоорондоо мөргөлдөн овоорч, барааны газраас мөсөн уул мэт харагдахыг хэлдэг.