БАЯНХОНГОР: Түүх дурсгалт газруудын зурагтай ил захидлыг бүтээжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2025 оны нэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн түүх дурсгалт газруудын зурагтай ил захидлыг Баянхонгор аймгийн гэр зурагчин П.Отгонбаатар хэвлүүлэн, олны хүртээл болголоо.
Зургийн тайлбар нь монгол, англи хэлээр бөгөөд QR кодоор уншуулахаар тайлбар гарч ирэх онцлогтой.
Баянхонгор аймгийн гэр зурагчин П.Отгонбаатар гэрэл зургийн бүтээлүүдээрээ цуврал хэвлүүлж байгаа бөгөөд "Хонгор нутгийн гайхамшгууд" гэрэл зургийн цомгоо өнгөрсөн онд хэвлүүлсэн юм. Энэхүү ил захидал цувралын нэг хэсэг бөгөөд цаашид ч өөр төрлийн бүтээлүүдийг хэвлүүлэхэр төлөвлөжээ.
Баянхонгор аймгийн үзэсгэлэнт байгаль, түүх соёлын дурсгалт газруудыг багтаасан гэрэл зургийн бүтээлүүдээ тэрбээр “Нутаг орныхоо сайхан бүхнийг гэрэл зургаар дамжуулан хойч үедээ үлдээх, гадаад, дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд танин мэдэхүй болох, гэр бүлийн бүх насныханд зориулсан бүтээл болсон” хэмээн ярив.
П.Отгонбаатар 10 гаруй жил гэрэл зураг авч байгаа ба голчлон байгаль, аж амьдралыг харуулсан зураг авдгаараа онцлог. Мөн гэрэл зургаар дамжуулаад хувьсан өөрчлөгдөж байгаа байгаль, хүн ардын аж амьдралыг авч үлдэхийг чухалчилдаг байна.