Аймгийн номын сангаар өдөрт 100 орчим хүн үйлчлүүлдэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-10-22 13:22:10

Сүхбаатар аймгийн Нийтийн номын сан нь хүүхдийн танхим, гэрээр ном олгох танхим, уншлагын танхим, ховор номын фонд гэсэн танхимуудаар иргэдэд үйлчилгээ үзүүлдэг. Сүүлийн үед номын сангаар үйлчлүүлэх иргэдийн тоо нэмэгдэж байгаа талаар номын санчид хэлж байна.

Энэ нь номын баяжилт сайн хийгдсэнээс гадна уншигчдад зориулсан төрөл бүрийн арга хэмжээ, төсөл хөтөлбөр хэрэгжиж байгаа, нөгөө талаас иргэд ялангуяа хүүхэд залуучуудын дунд зурагт, интернэт, фэйсбүүк хэрэглээ их байгааб өгөөд энэ бүгдээс залхах, хүүхдээ энэ байдлаас хөндийрүүлэх хандлага гарч байгаатай холбоотой. Хамгийн сүүлд гэхэд хүүхдийн номын тасагт гэхэд хоёр удаагийн номын баяжилт хийгдэж, зуугаад ном иржээ. Мөн  3D зурагт ном ирсэн. Нүдний шилээ зүүгээд номон дээрээс бодит орчинд байгаа юм шиг мэдрэмж авч, мэдлэг мэдээллээ өргөжүүлэх боломжтой болсон байна.

Харин гэрээр ном олгох тасгаар өдөрт 20 гаруй хүн тогтмол үйлчлүүлдэг тухай  аймгийн Нийтийн номын сангийн гэрээр ном олгох тасгийн номын санч Т. Чандмань ярьж байна. Уранзохиолын номоос гадна сонин сэтгүүлийг энэ тасагт унших боломжтой байдаг. Уншигчдын санал хүсэлтэнд тулгуурлаж ном, сэтгүүлийнхээ баяжилтыг хийдэг учир ийнхүү уншигчид тасардаггүй байна.

Нийтийн номын сангаар өдөрт 100 орчим хүн тогтмол үйлчлүүлдэг болсон бөгөөд ном унших иргэдийн тоо өсөж байгаад номын санчид баяртай байна.

Т. Одончимэг

Холбоотой мэдээ