ХӨВСГӨЛ: "Ая эгшгийн зургаан жигүүр” наадамд 76 сурагч оролцож байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛМөрөн, 2025 оны нэгдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газраас хүүхэд, өсвөр үеийнхэнд үндэсний хөгжмийг таниулах, ардын өв соёлоос суралцуулах зорилгоор “Ая эгшгийн 6 жигүүр” наадмыг зохион байгуулж байна.
Наадамд тус аймгийн 11 сургуулийн 76 хүүхэд, морин хуур, лимбэ, ятга, ёочин, хуучир, эвэр бүрээ, шанз зэрэг хөгжмийн төрлөөр оролцож байна.
“Хөгжим тоглож сурах нь хүүхдэд олон талын ач тустай. Тухайлбал баруун, зүүн тархи зэрэг хөгжинө, сэтгэн бодох чадвар, мэдрэмж хөгжинө, тэсвэр хатуужилтай болно. Үндэсний өв соёлоосоо суралцана.
Иймээс хөгжим тоглох сонирхолтой, авьяастай хүүхдүүдийг дэмжиж цааш нь
хөгжүүлэхийг зорьж байна” гэдгийг Хөвсгөл аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газрын дарга
Ч.Дашбаяр хэллээ.