ЗАВХАН: Халдварт өвчнөөр өвчлөгчид сүүлийн хоёр жилд 21.1 хувиар буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-01-31 14:31:35

Улиастай, 2025 оны нэгдүгээр сарын 31 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Нэгдсэн эмнэлэг болон сумын эрүүл мэндийн төвүүдэд нэгдүгээр сарын байдлаар нийт 360 гаруй хүн хэвтэн эмчлүүлжээ.


Тус аймагт нийт 109 эрүүл мэндийн байгууллагын 1164 эмч, эмнэлгийн ажилтан хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.


"Эрүүл монгол хүн" үндэсний хөдөлгөөний хүрээнд хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүртээмжтэй хүргэх. Эмнэлгийн байгууллагуудын тоног төхөөрөмжийг сайжруулах, эмч, мэргэжилтнүүдийн ур чадварыг нэмэх чиглэлээр олон талын ажлыг хийж байна.


Үүний нэг нь халдварт бус өвчлөл, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хүн амд мэдлэг ойлголт өгөх нөлөөллийн ажил юм. Эрүүл мэндийн байгууллагууд цахим хуудас болон сургалт нөлөөллийн 70 гаруй ажлыг хийж 10600 гаруй хүнд мэдлэг өгчээ. Үүний үр дүнд сүүлийн хоёр жилд тус аймагт халдварт өвчнөөр өвчлөгчид 21.1 хувиар буурсан байна. Өнгөрсөн онд халдварт өвчнөөр өвчлөгчид 418 болж, өмнөх оны мөн үеэс 112-оор буурсан байна.

 

Өнгөрсөн онд аймгийн хэмжээнд эрүүл мэндийн төв, эмнэлгүүдэд 20719 өвчтөнийг 140709 ор хоногоор хэвтүүлж эмчилсэн. Нийт 384.1 мянган хүнд эрүүл мэндийн байгууллагууд үзлэг хийж эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлсэн тухай аймгийн ЗДТГ-аас мэдээлэв. 

Холбоотой мэдээ