Ц.Мөнхтуяа: Баян-Өлгий аймгийн багш нарын орон сууц барих газрын асуудлыг шийдвэрлэхээр боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий, 2025 оны нэгдүгээр сарын 31 /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа Баян-Өлгий аймгийн Өлгий хотоос Боловсролын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл танилцуулах, санал авах хэлэлцүүлгээ эхлүүлж байна. Энэ үеэр түүнтэй уулзаж, хуулийн төслийн онцлох хэсэг, орон нутгийн багш нарын асуудлаар ярилцлаа.
-Та УИХ-ын чуулганы завсарлагааны хугацаанд Баян-Өлгий
аймагт ажиллаж байна. Энэ хүрээнд ямар уулзалт хийв, ямар зорилгоор
орон нутагт ажиллаж байна?
-УИХ-ын гишүүн миний зүгээс УИХ-ын хаврын чуулганаар Боловсролын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал гаргасан. Хуулийн төсөлд багш, боловсролын байгууллагын ажилтнуудын саналыг тусгах ёстой. Тус хуульд багш нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд төвөгтэй хэд хэдэн асуудал байгаа. Энэхүү асуудлуудыг судлахаар зориод явж байгаа.
Энэ ажлыг Баян-Өлгий аймгаас эхлээд, бүх аймгаар тойроод явах зорилготой. Өчигдөр тус аймгийн Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн хурлын зааланд аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн захирал, сургалтын менежерүүд, багш, ажилтнуудтай уулзалт хийлээ.
Уулзалтаар
Боловсролын
ерөнхий хуульд оруулах хуулийн төслийн танилцуулга хийж салбарын багш, ажилтнуудын
санал хүсэлтийг сонслоо. Боловсролын салбарын
ажилтнуудаас тулгамдсан асуудлаа хөндөж, цалинг үе шаттай нэмэх, нийгмийн
асуудлуудыг шийдвэрлэх, хос хэлний боловсролын хөтөлбөрийг Боловсролын сайдаар
яаралтай батлуулан хэрэгжүүлж ажиллах талаар санаачилга гаргах талаар саналаа хэлж уламжиллаа. Боловсролын салбар маш том салбар, тулгамдсан асуудал
их. Уг салбарт хамааралгүй хүн байхгүй. 1 сая гаруй хүүхэд суралцаж, 100 мянга
гаруй хүн ажиллаж байгаа болохоор тэдний ар гэрийнхэн гээд Монгол Улс тэр
чигтээ энэ салбарт хамааралтай.
-Таны
хувьд багш нарын нийгмийн асуудлын талаар хэр гүнзгий мэддэг вэ?
-Миний бие тасралтгүй 23 жил багшилсан хүн болохоор багш нарын өмнө тулгамдсан нийгмийн болон бусад асуудлыг маш сайн мэддэг, багш нараа байнга сонсож, уулзалт хийж байдаг. УИХ-ын гишүүнээр сонгогдохоосоо өмнө Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгчийн албыг 7 жилийн хугацаанд хашиж байсан. Салбарынхаа асуудлыг гүнзгий мэддэг болохоор шийдвэрлэхийн тулд нэлээн зоригтой ажиллах бодолтой байгаа.
-Боловсролын
ерөнхий хуульд багш нараар тогтохгүй боловсролын салбарын ажилтан, албан хаагчдын
нийгмийн асуудлыг шийдвэрлэхийн тулд ямар дорвитой өөрчлөлт хийх саналтай байна?
-Жишээлбэл, боловсролын салбарт тасралтгүй 15 жил ажилласан багш, ажилтны нэг хүүхдийг төрийн өмчийн их, дээд сургуульд эрэлттэй болон тэргүүлэх мэргэжлээр үнэгүй суралцуулна гээд Боловсролын ерөнхий хуульд заасан байгаа. Гэтэл энэхүү заалтад тусгасан тасралтгүй гэдэг үг нь тухайн багш, ажилтанд тээг болж байгаа юм. Хүний амьдралд янз бүрийн зүйл тохиолддог. Өвдөх ч юм уу, хүндэтгэн үзэх өөр шалтгаанаар гадаадад яваад ирэх ч юм уу, тийм тохиолдолд 2-3 сараар тасарсан бол хуульд заасан “тасралтгүй” гэдэг зохицуулалт тээг болж байгаа. 20 жил ажилласан багш байхад дундуур нь хаа нэгтээ явж ирээд түр завсарласан нь тасарсанд тооцогдоно. Тэгэхээр энэ заалтыг амьдралд нийцүүлэн, багш, ажилтнуудад ээлтэй болгож өөрчлөх хэрэгтэй.
Мөн “эрэлттэй болон тэргүүлэх мэргэжлээр” гэж заасан нь, тухайн ажилтны хүүхэд тухайн мэргэжлээр элсэх шалгуурыг хангах, эсхүл өөрийн хүссэн мэргэжлээрээ суралцах хүсэл сонирхолд нь харшлахаар болж байгаа юм. Үүнийг өөрчилж “боловсролын салбарт тасралтгүй 15 жил ажилласан багш, ажилтны нэг хүүхдийг төрийн өмчийн их, дээд сургуульд үнэгүй суралцуулна” гэдэг зохицуулалтыг хуульд оруулах саналтай байгаа.
Энэхүү хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэгт МБҮЭХ-ны төлөөлөл орж ажилласан. Судалгаанаас үзэхэд дээрх зохимжгүй зохицуулалтаас болж энэхүү дэмжлэгт хамрагдах ёстой салбарын ажилтнуудын зөвхөн 30 хувь нь л хамрагдаж байгаа нь маш доогуур үзүүлэлт юм. Мөн магадлан итгэмжлэгдсэн байх ёстой зэрэг багш, ажилтнуудаас үл шалтгаалах зүйлүүд их байгаа. Хуулийг засаж, сайжруулж, хүнд ээлтэй болгох өөрчлөлтүүдийг байнга хийж байх учиртай. Салбарын төлөөлөл болж жагсаалтаар сонгогдсон УИХ-ын гишүүний хувьд салбарынхаа бусад асуудлыг шийдвэр гаргах түвшинд байнга хөндөж байгаа.
-Багш,
боловсролын ажилтнуудын цалин сүүлийн үед нэлээн нэмэгдлээ. Цаашид мөн
нэмэгдүүлэх талаар ажиллах уу?
-2017 онд багшийн цалин 535 000 төгрөг байсан. Тэгээд миний бие олон нийтийн сүлжээнд энэ асуудлыг хөндөж эхлээд, олон мянган багш дэмжээд эхэлсэн. Үүний дагуу бид багшийн цалинг нэмэгдүүлэх үндэсний хөдөлгөөн өрнүүлж аймаг, сум бүрд энэхүү түр хороог байгуулаад салбарын хүрээнд өөрчлөлт, шинэчлэлийн эхлэл тавигдсан. Энэ тэмцлийн үр дүнд өнөөдрийн байдлаар багшийн цалин 1,480,0 төгрөг болсон байна. Гэхдээ цалин нэмэх асуудлыг инфляцын түвшинтэй уялдуулан шийдвэрлэж байх шаардлагатай. Инфляцын түвшин болон валютын ханш нэмэгдээд байгаа нь цалин нэмэгдсэн ч хүмүүсийн амьдралд бодитой дэмжлэг болж чадахгүй байгаа юм. Улсын хэмжээнд ажилтнуудын дундаж цалин 2.4-2.5 сая төгрөг байхад багш нар 1.4 сая төгрөгийн цалинтай байгаа нь чамлах үзүүлэлт юм. Нийгмийн даатгалын шимтгэл, татвараа хасуулаад залуу багш нар нэг сая төгрөг хүрэхгүй л цалин авч байгаа нь амьжиргааны түвшний зардалд үнэхээр хүрэлцээгүй, зээлээс зээлийн хооронд амьдарч байгаа.
-Баян-Өлгий
аймагт ажиллахдаа багш нарын өмнө тулгамдсан томоохон асуудлын нэг болох орон
сууцны асуудлыг шийдвэрлэх санаачилгаа гаргасан талаараа тодруулж өгнө үү?
-2020 онд бид нар анх “Багшийг орон сууцжуулах сан”-г байгуулаад, багш нарыг орон сууцжуулах төсөл хэрэгжүүлэхээр барилгын компанитай уулзалт хийгээд арга шийдэл хайгаад эхэлсэн ч ковидын улмаас зогссон. Үүнээс хойш багш нараа хэрхэн орон сууцтай болгох талаар байнга бодож судалж явсан. Багш нар орон сууцныхаа асуудлыг шийдвэрлүүлбэл, цалингаа нэмэгдүүлснээс илүү дэмжлэг болох талаар байнга ярьдаг. Багш нар орон сууц авахаар ипотекийн зээл хөөцөлдөхөөр цалин нь хүрдэггүй. Гэр бүлийн гишүүний нэг нь өндөр цалинтай бол шаардлагыг нь хангана, харин ганц бие аав, ээж багш нарын дунд олон бий.
Баян-Өлгий аймгийн багш нарын дунд бас орон сууцны асуудлыг ихээр хөнддөг. Өнөөдөр тус аймгийн Засаг дарга Е.Зангарт миний бие багш нарыг орон сууцжуулах талаар дэмжлэг үзүүлэх, орон сууц барих газар олгох хүсэлт тавихад нааштайгаар хүлээн авч, багш нарын орон сууц барих газрын асуудлыг шийдвэрлэж өгөхөөр зоригтой, шийдэмгий хариулт өгсөн явдалд баяртай байна. Уг шийдвэрийг албан ёсны болгоход цаашид анхаарч ажиллана. Урьдчилгаа бага, зээлийн хүү бага, цалинд нь тохирсон боломжийн үнэтэй бөгөөд уян хатан нөхцөлөөр багш нарыг орон сууцжуулах ажлыг ийнхүү Баян-Өлгий аймгаас эхлүүлэхээр болж байна.
-Багш
нарыг орон сууцжуулах төслийг хэрэгжүүлэхэд урьдчилан тооцоолсон тооцоо,
судалгаа байгаа юу?
-Газрын асуудал эхний ээлжид шийдэгдсэн учраас бид цаашид багш нарын дунд судалгаа явуулна. Хэчнээн багш, боловсролын салбарын ажилтан орон сууцгүй байна гэдгийг тогтоогоод, үүндээ үндэслэж ямар барилга барих зураг төслөө боловсруулаад ажиллах болно. Баян-Өлгий аймгийн багш нарын Үйлдвэрчний эвлэлийн холбоо үүн дээр манлайлж аймгийн удирдлагуудтай хамтарч ажиллана. Мөн аймгийн Засаг даргын дэргэд багш нарын зөвлөл байгуулж ажиллах санал гаргасан. Цаашид ийм арга хэлбэрээр боловсролын салбарын асуудлыг шийдвэрлэхээр ажиллана. Мөн боловсролын салбарт байгаа авлига хээл хахууль, хариуцлагагүй байдлыг арилгахын төлөө ажиллана. Эхлээд багш нарын нийгмийн асуудлуудыг шийдвэрлэх, багш мэргэжилтнүүдийн дутагдал, боловсролын чанарын уналт, цалинг нэмэгдүүлэх зэрэг олон шийдлээ хүлээсэн асуудал байгаа. Сурлага сайтай хүүхдүүд багшийн мэргэжлийг цалин багатайгаас сонгохгүй байгаа зэргээс шалтгаалсан дутагдлыг арилгаж, нийгмийн баталгааг сайжруулах ёстой. Салбарт өрсөлдөөн бий болгож, чанарыг сайжруулах шаардлагатай. Сайн багш байж сургалтын чанар сайжирна гэж үздэг.
-Таны
хувьд олон жил багшаар ажилласан туршлагатай хүн байна. Манай аймгийн хувьд боловсролын чанар доогуур
үзүүлэлттэй байдаг нь ЭЕШ-аар байнга сүүлийн байранд ордгоос харагддаг. Энэ
асуудлыг шийдвэрлэхийн тулд ямар арга хэмжээ авч болох вэ?
-Салбарын хэмжээнд авлига хээл хахуулийн асуудал зайлшгүй яригддаг. Чадваргүй хүмүүсээс мөнгө аваад ажилд оруулдаг, тэр хүмүүс нь чанаргүй боловсролыг хүүхдүүдэд түгээж байна. Үүнээс болж сурлагын хоцрогдол, чанаргүй сургалтын үйл ажиллагаа явагдсанаас болж хүүхдийг хохироож байгаа. Тийм учраас хамгийн түрүүнд хийх ажил бол Баян-Өлгий аймагт байгаа маш олон багшийн дунд, сайн ч, тааруу ч багш байгаа. Сайн багш нарын хүч, үнэ цэнийг ашиглаад үнэхээр сурч хөгжье, мэдье гэсэн залуу багш нарыг сайн дадлагажуулах зэргээр байгаа нөөц боломжоо ашиглаад тэднийг л хөгжүүлэх хэрэгтэй.
Эцэг эхчүүд хүүхдүүдээ сургах гээд хэчнээн шахаж шаардсан ч багш нар нь чадваргүй бол яаж хүүхэд сурахав дээ. Ажилдаа өөрийгөө зориулах сэтгэлтэй залуу багш нарыг хөгжүүлэх сургалтуудыг маш сайн зохион байгуулах хэрэгтэй. Багшийг хөгжүүлж, сургаж, чанартай, чадвартай болгож, туршлагатай болгож байж боловсролын чанар сайжрах болно. Түүнээс биш ЭЕШ-аар арай гэж 400 оноо авсан хүүхдийг сургаж төгсгөөд тэр хүн багшлах гэхээр чанарын асуудал ойлгомжтой л болж байгаа юм. Ийм учраас улсын хэмжээнд боловсролын салбарын асуудлыг шийдвэрлэх бодлогын асуудлыг цогцоор нь авч хэрэгжүүлэх шаардлагатай. Тэгэхгүй бол боловсролын салбар өдрөөс өдөрт уналт доройтолд хүрч байгаа юм. Ганц Баян-Өлгий аймаг гэхгүй улсын хэмжээнд тийм байгаа.
-Баян-Өлгий
аймгийн хувьд үндэстний онцлог бүхий аймаг. Үндэсний цөөнхийн хүүхдүүдийн хос
хэлний боловсролын асуудал бас яригддаг. Боловсрол яамнаас хос хэлний боловсролын
хөтөлбөрийг одоо хүртэл батлаагүй нь иргэдийн сурч боловсрох эрхийн зөрчил бус
уу?
-Миний хувьд 2017 оноос эхлээд Баян-Өлгий аймгийн багш нартай харилцаатай болж эхэлсэн. Үүнээс өмнө хос хэлний боловсролын тухай ойлголт багатай байсан. Орон нутгийн багш нарын зүгээс манай аймагт хос хэлээр боловсрол олгох нь чухал, хөтөлбөргүй явж байгаа гэдгийг удаа дараа илэрхийлсэн. Ном сурах бичиг хүрэлцээгүй асуудал ч бий. Энэ асуудлаар Боловсролын яам хос хэлний боловсролын хөтөлбөрийг нэн даруй баталж, сурах бичгүүд хэвлүүлэн гаргах асуудлыг шийдвэрлэх ёстой. Тун удахгүй энэ асуудлаар Боловсролын сайд П.Наранбаярт асуулга тавина. Мөн УИХ-ын Боловсролын байнгын хорооны хурлаар асуулгынхаа хариуг сонсоод энэ асуудлаар ямар хариу арга хэмжээ авахыг нь мэдээлнэ. Тэгж хос хэлний асуудлыг анхаарлын төвд оруулж гаргаж ирэхгүй бол энд хүүхдийн эрх маш ноцтойгоор зөрчигдөж байгаа гэж бодож байгаа юм.
-Таны зүгээс саяхан ЕБС-ийн сурагчдын II улирлын бие даалтын хугацааг наашлуулах талаар санал гаргаад байсан. Энэ талаар ярина уу?
-Боловсролын сайд П.Наранбаярт 2024-2025 оны хичээлийн жилийн 2 дугаар улирлын 10 дахь долоо хоногт зохион байгуулах бие даалтын долоо хоногийг наашлуулж, цагаан сарын дараа буюу 2025 оны 3 дугаар сарын 3-7-ны өдрүүдийн хооронд зохион байгуулах талаар санал хүргүүлсэн. Бие даалтын долоо хоногийг Цагаан сарын дараа үргэлжлүүлэн зохион байгуулснаар хичээл сургалтын үйл ажиллагаа доголдохгүй үргэлжилж, ёс уламжлалаа танин мэдэх чухал ач холбогдолтой юм. Энэ талаар Боловсролын сайдаас хариу, шийдвэр ирээгүй байгаа. Энэ ташрамд боловсролын салбарын зарим асуудлыг хамтран шийдэхэд дэмжлэг үзүүлэхээр болсон Баян-Өлгий аймгийн удирдлагууд, багш, боловсролын салбарын ажилтнуудад талархал илэрхийлье. Цаашид боловсролын салбарыг хөгжүүлэхэд та бүхэнтэй үргэлж хамтран ажиллана.
-Цаг заваа гаргаж ярилцсан танд баярлалаа.




