Маргаашаас эхлэн өдөрт 1000 төгрөгөөр 4 удаа чиглэл харгалзахгүй зорчино

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-01-31 15:43:02

Улаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 31 /МОНЦАМЭ/. Нийслэлийн иргэд маргаашаас эхлэн U money картаар өдөрт 4 удаа 1000 төгрөгөөр чиглэл харгалзахгүй зорчино.


Харин бэлэн мөнгө болон банкны картаар төлбөрөө төлбөл дээрх тариф үйлчлэхгүйгээс гадна зорчих бүрд 1000 төгрөг төлөх юм байна. Мөн нийслэлийн захын Багахангай, Налайх, Багануур дүүрэг болон "Чингис хаан" олон улсын нисэх буудал руу явахад энэ тариф үйлчлэхгүй. 


Нийтийн тээврийн бодлогын газрын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга З.Цэвээндорж энэ талаар мэдээлэхдээ, "Өмнө нь 30 минутын дотор автобус дамжин суух эрхтэй байсан бол шинэчилсэн системээр хугацаа харгалзахгүй, нэг чиглэлийн автобусанд дамжин сууж болно. Нийслэлд автобусны карт худалдаж авах, цэнэглэх боломжтой 100 киоск машин байршуулсан. Нийтийн тээврээр байнга зорчдоггүй иргэд карт авах шаардлагагүй гэвэл нэг удаагийн QR кодоор цэнэглэж, автобусанд уншуулж болох"-ыг тодотгов. 



Одоогоор, нийтийн тээврийн чиглэлийн 100 зогсоолд дамжин өнгөрөх бүх чиглэлийн мэдээлэл, автобус хаана явж байгааг болон тухайн буудалд хэзээ ирэх зэрэг мэдээллийг харах боломжтой лед самбар байршуулаад байна. 


Холбоотой мэдээ