СҮХБААТАР: Орон нутгийн онцлогийг илэрхийлсэн цуврал ном бүтээжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт, 2025 оны нэгдүгээр сарын 31 /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн Угсаатны зүйн музейн ажилтнууд буддаг комик ном бүтээжээ. Энэ нь орон нутгийн түүх соёл, угсаатан ястнуудын онцлогийг илэрхийлсэн, соёлын өвийн дурсгалыг таниулсан цуврал ном юм.
Тус аймагт үзэмчин, дарьганга, халх ястнууд зонхилдог. Тиймээс үзэмчин ястны домог "Дарьганга" нэрийн утгыг илэрхийлсэн бүрэн хэмжээний буддаг ном, танин мэдэхүйн "Дарьгангын хөргүүд" катологийг мөн бүтээн давхар худалдаанд гаргажээ. Номын эх зурагт ардын зураач Б.Энхмаагийн бүтээлийг ашигласан байна.
Эдгээр бүтээл нь бага насны үйлчлүүлэгчдэд зориулсан бөгөөд соёлын өвийг ирээдүй хойчдоо өвлүүлэн үлдээх, сурталчлан таниулахад чухал нөлөөтэй гэж соёлын өвийн мэргэжилтнүүд тодорхойллоо.