СҮХБААТАР: Гавьяатуудаараа гангарсан өдөр

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2025-02-03 16:10:13

Баруун-Урт, 2025 оны хоёрдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн боловсролын салбараас төрсөн 19 гавьяат анх удаа нутагтаа уулзаж, салбарынхаа удирдлага, багш ажилчдад ур чадвар, арга зүй, ажлын дадлага туршлагаасаа хуваалцлаа.


 

Энэ өдөр Сүхбаатарынхан гавьяатуудаараа гангарсан өдөр байлаа. Тэдний хамгийн ахмад нь 92 настай бол, 11 нь энэхүү үйл ажиллагааг зорьж өөр аймаг, хотоос иржээ.

 

“Гавьяатуудаасаа суралцъя” уулзалтаар багш нар Баруун-Урт сумын ерөнхий боловсролын дөрвөн сургуульд чиглэл чиглэлээр буюу тухайлбал МУГБ Ш.Борчулуун анги удирдсан багш хүүхэд нэг бүрээ хэрхэн таних, харилцах тухай туршлагаасаа заасан бол С.Халтар залуу, дунд, ахмад үеийн залгамж холбооны талаар, Д.Сэнгэдорж удирдах арга зүй, Б.Батболд математикийн онол, тоог зөв унших нь, Ш.Оюун газарзүйн хичээлд байгалийн биетийг ашиглах тухай гэх мэт сэдвээр яриа, сургалтыг хийсэн юм. Тус үйл ажиллагаанд Сүхбаатар аймгийн 16 сургууль, 24 цэцэрлэгийн захирал эрхлэгч, багш нарын 300 гаруй төлөөлөл оролцож, гавьяатуудаасаа суралцлаа.


 

Сүхбаатар аймгийн ууган сургууль болох Д.Сүхбаатарын нэрэмжит ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн түүхт 100 жилийн ой энэ онд тохиож буй. 2025 оны нэгдүгээр сараас эхлэн он дуустал үргэлжлэх түүхэн ойн нээлт нь “Гавьяатуудаасаа суралцъя” гэх энэхүү уулзалт, хүндэтгэлийн үйл ажиллагаа болж байгаа гэдгийг сургуулийн захирал Ц.Оюунжаргал онцоллоо.

 

1925 оны хавар тулгын чулуугаа тавьж, хоёр эсгий гэрт нэг багш, 13 эрэгтэй сурагчтай сургалт хүмүүжлийн ажлаа эхлүүлж байсан ууган сургууль өдгөө 144 багш ажилтан, 2200 гаруй сурагчтай болжээ. Мөн энэ түүхэн хугацаанд 71 төгсөлтөөр 12424 төгсөгчийг эх орныхоо ирээдүйн хөгжилд зориулан бэлтгэж их, дээд сургуульд илгээсэн байна.

 

Дээрх үйл ажиллагааг нэгдүгээр сургуулийн санаачилгаар аймгийн Ахмад багш нарын холбоо, аймгийн ЗДТГ, Боловсролын газар хамтран зохион байгуулжээ.



 


Холбоотой мэдээ