ЗАВХАН: Энэ жилийн цасны баярт оролцогчид үндэсний хувцсаараа ижилсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-02-03 16:19:02

Улиастай, 2025 оны хоёрдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Улиастайд цасны баяр болж давхардсан тоогоор 1200 гаруй иргэн оролцжээ.


Цасны баярын үеэр таван төрлийн тэмцээн зохион байгуулж, шилдгүүдээ шалгарууллаа. Уулын оргил булаалдах, олс таталт, цасны хөл бөмбөг, сумо бөх, цасан урлалын тэмцээнүүдийг зохион байгуулсан байна.


Үндэсний хэмжээнд өрнөж байгаа “Эрүүл монгол хүн” хөдөлгөөнийг Завхан аймаг дэмжиж нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, иргэдэд дасгал хөдөлгөөнөөр эрүүл мэндээ хамгаалахад нь дэмжлэг үзүүлж олон талын үйл ажиллагааг зохион байгуулж байна.


Үүний нэг нь эрүүл агаарт зохион байгуулсан уламжлалт үйл ажиллагаа болох цасны баяр юм. Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, иргэдийг идэвхтэй хөдөлгөөнөөр эрүүл мэндээ дэмжихэд нь эерэг нөлөө үзүүлэх. Гэр бүл, хамт олон, найз нөхдөөрөө амралтын өдрөө ая тухтай өнгөрүүлэх боломжийг олгосон үйл ажиллагаа болсон юм. Уулын оргил булаалдах тэмцээнд нийт 40 гаруй байгууллага оролцож, Зэвсэгт хүчний 325 дугаар анги тэргүүлж, Ерөнхий боловсролын 3 дугаар сургууль, 2 дугаар цэцэрлэгийн багууд удааллаа.


Цасны хөл бөмбөгийн тэмцээнд Онцгой байдлын газар тэргүүлсэн бол сумо бөхийн тэмцээнийг эрэгтэй, эмэгтэй төрлөөр явуулж цагдаагийн алба хаагч Н.Лачин эрэгтэйчүүдээс тэргүүллээ. Цасан урлал хийх бүтээлч тэмцээнд аймгийн Онцгой байдлын газар, аймгийн Нэгдсэн эмнэлэг, Хөгжим бүжгийн коллежийн багууд тэргүүлсэн байна. Цасан урлалыг монголын уламжлалт өв соёлоо түгээн дэлгэрүүлэх утга төгөлдөр хийж өрсөлдсөн байна.


Энэ жилийн цасны баярт хамгийн олон иргэнийг хамруулж, мөн сайхан монгол үндэсний хувцас хэрэгсэлтэй хосыг шалгаруулсан нь онцлог байв.


Нийт оролцогчийг монгол дээл хувцастайгаа оролцохыг уриалсан нь ч үр дүнгээ өгч, цасны баярт оролцогчдын 80 гаруй хувь нь монгол үндэсний дээл хувцсаараа ижилсэн гоёсон гэж Улиастай сумын ЗДТГ-аас мэдээлэв. 

Цасны баярт 1200 гаруй иргэн оролцжээ


Үндэсний хувцсаараа ижилсэж өв соёлоо сурталчилсан баяр болов


Оролцогчдын 80 гаруй хувь нь үндэсний хувцсаараа гоёжээ

Холбоотой мэдээ