Хавдраас урьдчилан сэргийлэхийн тулд жил бүр үзлэгт хамрагдахыг зөвлөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/ Хорт хавдраас сэргийлэх дэлхийн өдрийг энэ жил “Бидний түүх, биднийг аварна” уриан дор тэмдэглэж байна.
Энэ хүрээнд, Улсын Хоёрдугаар төв эмнэлгийнхэн “Хоол боловсруулах эрхтний хавдраас сэргийлье” уриан дор нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж, нарийн мэргэжлийн эмч нар зөвлөгөө өглөө. Тодруулбал, хоол боловсруулах эрхтний мэс засал, хими, бай, дүрс оношилгоо, цөмийн онош зүй, дурангийн нарийн мэргэжлийн эмч нар, хоолзүйчид хавдрын өвчлөлийн шалтгаан, нөхцөл, үүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл өгч байна.
Учир нь, тус эмнэлэгт бүртгэгдсэн тохиолдлуудын дийлэнх нь ходоод, элэг, нойр булчирхай зэрэг хоол боловсруулах эрхтний хавдраар оношлогджээ. Өнгөрсөн онд гэхэд энэ төрлийн хавдрын 200-300 тохиолдол бүртгэгдсэн байна.
"Хоол боловсруулах эрхтний хавдрын шалтгаан нь амьдралын хэв маягтай нягт холбогддог. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд 35-аас дээш насныхан ходоод улаан хоолойгоо жил бүр дурандуулж, хэвлийн эход үзүүлэх, өөрт ямар нэгэн зовуурь илэрсэн бол эмнэлэгт яаралтай хандах шаардлагатай. Ингэснээр өвчнөө эрт оношилж, хүндрэхээс нь өмнө эмчлүүлэх боломжтой"-г УХТЭ-ийн Хавдрын хими эмчилгээний тасгийн их эмч Т.Урансайхан онцоллоо.
УХТЭ нь хавдрын оношилгоо, эмчилгээний төвөөрөө дамжуулан хавдрын тусламж үйлчилгээг цогцоор нь үзүүлж байна.
Улсын хэмжээнд 2024 онд хорт хавдрын 8169 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оныхтой харьцуулахад 925-аар нэмэгдсэн харамсалтай мэдээг Хавдар судлалын үндэсний төв мэдээлжээ.