ДЭМБ-аас гарах шийдвэрээ дахин эргэцүүлэхийг АНУ-д уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2025-02-04 15:01:43

ЖЕНЕВ, 2025 оны хоёрдугаар сарын 4 /VOA/. Дэлхийн эрүүл мэндийн салбарт учирч болзошгүй эрсдэлт үр дагаврууд, төсвийн хүндрэлийн талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас /ДЭМБ/ анхааруулаад, НҮБ-ын эрүүл мэндийн агентлагаас гарах шийдвэрээ цуцлахыг АНУ-д уриалжээ.


ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус даваа гарагт болсон гүйцэтгэх зөвлөлийн хурлыг нээж үг хэлэхдээ, тус байгууллага АНУ-ын шийдвэрт харамсаж байгааг дурдаад, Вашингтон уг асуудлыг дахин эргэцүүлнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийллээ.


Цэцэг өвчнийг устгах тал дээр томоохон үр дүнд хүрч байсан ДЭМБ, АНУ-ын хоорондох түүхэн харилцааг хадгалах, бэхжүүлэхэд чиглэсэн бүтээлч яриа хэлэлцээг бид талархан дэмжих болно гэж Т.Гебрейесус хэлжээ. Хоёр долоо хоногийн өмнө Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ-ыг ДЭМБ-аас гаргах зарлигт гарын үсэг зурсан юм.


ДЭМБ-ын мэдээллийг үзвэл, АНУ 2024 оны 1-11 дүгээр сарын хугацаанд ойролцоогоор 988 сая ам.доллар хандивласан нь ДЭМБ-ын 6.9 тэрбум ам.долларын төсвийн 14 орчим хувийг бүрдүүлж байна. Өнгөрсөн долоо хоногт ДЭМБ-ын төсвийн хурал дээр танилцуулсан баримт бичигт "АНУ-ын санхүүжилт нь ДЭМБ-ын өргөн хүрээг хамарсан яаралтай тусламжийн үйл ажиллагааны үндэс суурийг бүрдүүлдэг гэдгийг дурдсан байна.


Д.Трампын зарлигт Вашингтоныг ДЭМБ-аас гаргах дөрвөн үндсэн шалтгааныг дурджээ. Эдгээр нь, ДЭМБ COVID-19 зэрэг төслүүдийг хангалтгүй хэрэгжүүлсэн, шинэчлэлийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж чадаагүй, гишүүн орнуудын улс төрийн нөлөөллөөс хараат бус гэдгээ харуулж чадаагүй явдал юм.


Харин Т.Гербейесус АНУ-д шийдвэрээ эргэн харахыг уриалахдаа, ДЭМБ сүүлийн долоон жилийн хугацаанд хамгийн гүн гүнзгий, өргөн хүрээтэй шинэчлэлийг хэрэгжүүлсэн гэдгийг мэдэгджээ. Эдгээр шинэчлэл нь стратеги, үйл ажиллагаа, түншлэл, санхүүжилт, ажиллах хүч, соёл зэрэг бүх чиглэлд нөлөөлсөн гэж тэрбээр хэлсэн байна. Мөн ДЭМБ санхүүжилтийн тэнцвэргүй байдлыг арилгахад чиглэсэн шинэчлэлийг хэрэгжүүлж, COVID-19”-ийн эсрэг зохих ёсоор хариу арга хэмжээ авч, бүх улс орны хэрэгцээ шаардлагад нийцүүлэн ажиллаж ирсэн гэдгийг нэмж хэллээ.

 


Холбоотой мэдээ