БАЯН-ӨЛГИЙ. Тусгай хамгаалалттай газарт байгаа ан амьтан зутрах төлөвтэй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙӨлгий, 2025 оны хоёрдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Аймгийн Улаан загалмайн хорооноос Баян-Өлгий аймаг дахь Монгол Алтайн нурууны Улсын тусгай хамгаалалтын газрын захиргаанд зэрлэг ан амьтанд биотехникийн арга хэмжээ авч 500 боодол өвс, 200 кг хужир, 500 кг давсны тусламжийг хүлээлгэн өглөө.
Энэ талаар аймгийн
Улаан загалмайн хорооны дарга Х.Ертай, "Монголын Улаан загалмай нийгэмлэгт Байгаль орчин,
уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас
өвөлжилт хүндэрч байгаа орон нутагт тусламж үзүүлэхэд зориулж хандив өргөсөн. Уг
хандивын хүрээнд 500 боодол
өвс, 200 кг хужир, 500 кг давсны тусламжийг Баян-Өлгий аймаг дахь Монгол Алтайн нурууны
Улсын тусгай хамгаалалтын газрын захиргаанд зэрлэг ан амьтанд биотехникийн
арга хэмжээ авахад нь зориулан олгож байна. Саяхан бид малчдад бэлэн мөнгөний
болон өвс, тэжээлийн тусламж үзүүлсэн бол энэ удаагийн тусламжаа зэрлэг ан
амьтанд зориулан олголоо" гэв.
Мөн Монгол Алтайн нурууны УТХГЗ-ны дарга А.Айдынасхараас тодруулахад, "Энэ жил тус аймгийн хэмжээнд олон жилийн дунджаас цас их орж хүйтний эрч чангарч, тусгай хамгаалалттай газарт байгаа ан амьтан их зутрах төлөвтэй байна. 2024 оны 11 дүгээр сард хийсэн тооллогоор Сийлхэмийн нурууны байгалийн цогцолборт газрын “А”, “Б” хэсэгт нийт 2400 аргаль тоологдсон. Энэ өвөл мөн Алтай Таванбогдын байгалийн цогцолборт газрын Шивээт хайрхан, Талдагийн их уул болон Сийлхэмийн нурууны байгалийн цогцолборт газрын “А”,”Б” хэсэгт зэрлэг ан амьтны өвөлжилт хүндрэх төлөвтэй тул зарим газарт давс, хужир, өвс, тэжээл тавьж, биотехникийн арга хэмжээ авах зайлшгүй шаардлага тулгарсан тул бид байгууллагын дотоод нөөц бололцоонд тулгуурлан, он гарснаас хойш хэд хэдэн удаа биотехникийн арга хэмжээ авсан.
Гэвч энэ нь Монгол Алтайн нурууны УТХГ-т байгаа ан амьтныг өвлийг өнтэй давж гарахад хүрэлцэхгүй байгаа тул цас ихтэй газруудад давс, хужир, өвс тавьж, биотехникийн арга хэмжээ нэмж авах зайлшгүй шаардлагатай. Дээрх хүндрэлийг даван туулахад дэмжлэг үзүүлж, зэрлэг ан амьтанд биотехникийн арга хэмжээ авах зорилгоор аймгийн Улаан загалмайн хорооноос 500 боодол өвс, 200 кг хужир, 500 кг давс олгож байгаад талархалтай байна. Энэхүү өвсийг бид тусгай хамгаалалттай газруудад хуваарилан хүргүүлж, мэргэжилтнүүдийн хяналтын дор зэрлэг ан амьтдад биотехникийн арга хэмжээ авах болно" хэмээв.