“Улаанбаатар” өвлийн явган аялалд зургаан орны төлөөлөл оролцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-02-06 10:10:26

Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын явган алхалтын холбоо, “Монгол олле” нийгэмлэгтэй хамтран  “Улаанбаатар" өвлийн явган алхалтын фестивалыг энэ сарын 15, 16-нд зохион байгуулна.


Энэхүү фестивал Улаанбаатар хотод өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, шинэ бүтээгдэхүүн бий болгох, жуулчны улирлын хугацааг уртасгах, иргэдийг эрүүл, спортлог зөв дадалд уриалах зорилготой.


Фестивалд Монгол, Япон, Солонгос, Чех, БНХАУ, БНХАУ-ын ӨМӨЗО, Итали улсын төлөөлөл 250 гаруй алхагч оролцохоор бүртгүүлжээ. Хоёр дахь жилдээ зохион байгуулж буй өвлийн явган алхалтыг энэ сарын 15-нд Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвөөс “Жавхлант” өртөө, 16-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс “Скай резорт” цанын бааз гэсэн маршрутаар зохион байгуулах юм.


Ташрамд сонирхуулахад, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, БНСУ-ын Жэжү хотын Аялал жуулчлалын газар, “Жэжү Олле” нийгэмлэгтэй хамтран нийслэлийн гурван чиглэлд олле стандартын явган аяллын замыг засаж, тэмдэгжүүлэх ажлыг 2016 оноос эхлүүлсэн. Тус замаар жил бүрийн наймдугаар сард олон улсын хэмжээнд явган алхалтын фестивал зохион байгуулдаг аж. 

Холбоотой мэдээ