АРХАНГАЙ: Өнгөрсөн онд 17 га талбайг ойжуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-02-06 11:37:18

Эрдэнэбулган, 2025 оны хоёрдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. “Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд орон нутгийн төсвийн 137.5 сая төгрөгөөр өнгөрсөн намар Булган сумын Баянбулаг багийн Уулзуур гэх газрын 13 га талбайг 26.0 мянган шинэсний хоёр настай тарьцаар ойжуулжээ.


Тус ажлыг Цэнхэр сумын Сум дундын ойн ангийн хариуцсан сумдын ойд арчилгаа, цэвэрлэгээ хийх тусгай зөвшөөрөлтэй ААН-үүд хийжээ.


Мөн урд Тамирын голын татам дагуу бэлтгэсэн 4 га талбайд 4100 ширхэг 3-4 настай улиасны суулгацыг Эрдэнэбулган суманд үйл ажиллагаа явуулдаг 106 төрийн болон төсөвт аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан алба хаагчид, иргэдээр тариулсан юм.

 

2024 оны хавар, намар нийт 17 га-г ойжуулжээ.

 

Мөн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний 7 дугаар зорилтын хүрээнд булаг шанд орчмыг хашиж, ойжуулах ажлын хүрээнд орон нутгийн төсвийн 62.5 сая төгрөгөөр Төвшрүүлэх сумын Баахан булаг, Эрдэнэбулган сумын Нарангийн булаг, Ихтамир сумын Улаан толгойн  булгийг хашиж, мод, бут тарьсан байна. 2023 онд 10 га талбайг ойжуулжээ.

Холбоотой мэдээ