ХӨВСГӨЛ: "Хөх цом” наадмын II шатанд оролцох найрагчид тодорлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛМөрөн, 2025 оны хоёрдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой "Хөх сувд" мөсний баяр энэ сарын 13-23-ны өдрүүдэд болно.
Энэ үеэр “Хөх цом” яруу найргийн наадмыг 3 дахь жилдээ зохион байгуулна. Эхний шатанд 45 найрагч бүтээлээ ирүүлснээс 2-р шатанд оролцох 10 найрагчийн нэрс тодорчээ.
Тодруулбал, Дундговь аймгийн Хулд сум Д.Энхбаяр, Дархан-Уул аймаг Т.Банзрагч, Улаанбаатар хот Д.Гантөмөр, Орхон аймаг Н.Үржинбадам, Булган аймаг Н.Батжаргал, Хөвсгөл аймаг Б.Батсайхан, М.Уяахундага, Ш.Одбаяр, Р.Нэргүй, Б.Намуун нар тус тус шалгарчээ.
Шилдэг 10-т шалгарсан найрагчид хоёрдугаар сарын 14-нд мөсний баярын талбайд болох “Хөх цом” яруу найргийн наадамд ирж шүлгээ уншиж шилдгүүдээ тодруулах юм.
Тус наадмыг Хөвсгөл аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар Нийтийн номын сан хамтран зохион байгуулж байна.