Гиннесийн амжилт эзэмшигч польш залуу монголчуудад цагариган дээрээс довтлох шоугаа үзүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-02-06 17:37:07

Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Монголын сагсан бөмбөгийн холбооны үндэсний дээд лигийн үеэр болдог “Бүх оддын тоглолт”-ын хамгийн сонирхолтой үйл ажиллагаа бол Слэм данкийн тэмцээн буюу цагариган дээрээс довтлох үзүүлбэр байдаг.


Тиймээс 2024-2025 оны улиралд хэн гэдэг цагариган дээрээс довтлогч сагсан бөмбөг сонирхогчдыг гайхашруулах бол гэдэг нь сонирхол татаж байлаа. Тэгвэл түүнийг Монголын сагсан бөмбөгийн холбооноос зарлалаа. Энэ удаа тус холбооныхон тэмцээн бус жинхэнэ шоуг үзүүлэх нь ээ.


Тодруулбал, Гиннесийн дээд амжилтыг эзэмшигч, 3х3-ын слэм данкийн дэлхийн гурван удаагийн аварга, дэлхий даяар 200 гаруй удаа цагариган дээрээс довтлох шоу толилуулсан, 3.3 метрийн өндөр цагариган дээрээс довтолсон довтлогч, польш эр Пиотр Грабовски Монголд иржээ.


Тэрбээр дээд лигийн 30 жилийн ойн хүрээнд болж буй “Бүх оддын тоглолт”-д маргааш шоу үзүүлбэрээрээ Монголын сагсан бөмбөг сонирхогчдод бэлэг барьх юм байна. Өдгөө 26 настай түүний хувьд 2015 оноос сагсан бөмбөгийн замналаа эхлүүлсэн бөгөөд дэлхийн 70 гаруй оронд слэм данкийн шоугаа үзүүлжээ.   















Холбоотой мэдээ