Орос Улсад бусдын хүчээр амьдрагчдад татвар ногдуулах хуулийн төсөл хэлэлцэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМОросын эрх баригчид тодорхой ажил эрхэлдэггүй болон далд эдийн засгийн салбарт ажилладаг хүмүүст татвар ногдуулах тухай хуулийн төсөл санаачилж байна. Тэдгээрт жилийн 20 мянган рублийн /700 мянга орчим төгрөг/ татвар ногдуулж магадгүй аж.
Яагаад заавал 20 мянга байх ёстой вэ гэсэн асуултад Хөдөлмөрийн сайд Максим Топилин хариулахдаа, “Энэ бол хэвийн дүн, харин ч бүр бага байна. Ил тод ажиллаж байгаа иргэний ашгийн татвар 11700 рубль, тэгвэл саарал эдийн засгийн салбарын заавал төлөх Эрүүл мэндийн даатгалд Бүсийн төсвөөс 8000-9000 рубль төлж байна, ингээд л 20 мянган рубль болж байна” хэмээн хариулжээ. Сайд яриандаа, хуулиар эдгээр нь дан ганц хөдөлмөрийн насныханд хамааралтай, одоогийн байдлаар хуулийн төсөл хараахан хэрэгжээгүй байна гэж тайвшруулжээ.
Хэвлэлд өгүүлснээр, Оросын тэтгэврийн санд татвар төлдөггүй хүмүүстэй холбоотой 140 гаруй сая тэмдэглэл хийсэн байдаг аж. Албаны хүмүүс үүнийг ямар нэгэн аргаар гаргуулах арга чарга хайж байгаа гэнэ. Албан бус байгууллагуудад ажиллагсдаас татах татвар нь хувиараа хөдөлмөр эрхлэгчдээс авдгаас илүү байх ёсгүй гэж үзэж байна. Харин энэхүү хуримтлалыг хэрхэн яаж захиргаажуулах вэ гэдэг л асуудал болоод байна хэмээн албаны хүн өгүүлжээ.
Сонирхуулахад, Орос улсад ажлын байрны цомхотголын улмаас сүүлийн 15 жил албан бус ажил эрхлэлтийн тоо тууштай өсч иржээ. 2006-2015 онд эдийн засгийн салбарт ажиллагсдын тоо 3,5 саяар өссөн буюу 5 хувь /72,3 сая хүртэл/ өсөлттэй байжээ. Үүний гуравны хоёр нь хүн амын эдийн засгийн идэвх дээшилсэнтэй холбоотой бол гуравны нэг нь ажилгүйдэл буурсантай холбоотой байв. Энэ хугацаанд томоохон болон дунд үйлдвэрүүдэд ажиллагсдын тоо 5,4 саяар багассан, энэ нь 13,5 хувь /34,7 сая / хүрсэн. Тэгвэл албан бус сектор 8,9 сая /31 хувь өсөлт/ хүнийг ажлын байраар хангажээ.
Оросын Ерөнхийлөгчийн дэргэдэх Улс төрийн академийн явуулсан социологийн судалгаагаар, 2016 оны 5 дугаар сард сүүдрийн эдийн засагт байнгын үндсэн дээр 20 сая хүн ажиллаж байжээ. Энэ нь нийт ажил эрхлэгсдийн 28,8 хувь юм. Чухамхүү ийм тооны хүн албан бусаар ажиллаж байсан ба тэд сар бүр “цалингаа дугтуйнд” авч байжээ. Харин тэдгээрийн гуравны хоёр нь өөрсдөө хөдөлмөр эрхэлдэг байна.
Москва хот. А.Огторгуймаа