ЗАВХАН: Арц суурь боомтын зураг төсөв дуусжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-02-11 12:31:13

Улиастай, 2025 оны хоёрдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Завханы Тэс сумын Арц суурь боомтын бүтээн байгуулалтын зургийн төсөл дуусжээ.


Арц суурийн боомт нь боомтын сэргэлтийн хүрээнд, Завхан төдийгүй баруун аймгууд ОХУ-тай хамгийн дөт замаар худалдаа эрхлэх боломжтой. 


Тус боомт нь ачаа, тээврийн урсгал бүхий нэг замтай, жилд 200 орчим сая ам.долларын ачаа барааны эргэлттэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг тухай Арц суурь дахь хилийн боомтын захиргаанаас мэдээлэв.


Боомтуудын өрсөлдөх чадвар, нэвтрэх урсгалыг сайжруулж, боомт түшиглэсэн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах зорилтын хүрээнд тус боомтод бүтээн байгуулалтын ажил хийхээр төлөвлөсөн. Боомтын байршил одоо байгаа боомтоос баруун тийш шилжиж ОХУ-ын Цагаан толгой боомттой харалдаа болсноор хил нэвтрэх хэсэгт шулуун замаар холбогдох боломжтой болно. 


Арц суурийн бүтээн байгуулалтын зураг төслийг улсын төсвийн 700 гаруй сая төгрөгөөр хийжээ.


Арц суурийн бүтээн байгуулалтын барилга байгууламжийн зураг төслийг Дукат ХХК, техник эдийн засгийн үндэслэлийг нь Түмэн амгалан ордон ХХК, авто замын зургийг Ти Ай Би ХХК хийжээ. Байгаль орчны үнэлгээг Мон газар экологи ХХК, үерийн хамгаалалтын зургийг Ганти ХХК, геологийг Барнаб ХХК, геодезийг Бэйст нетворк ХХК тус тус гүйцэтгэсэн байна.  


Арц суурийн боомтын бүтээн байгуулалтын зурагт зам талбай, зорчигч шалган нэвтрүүлэх төв байр, ажилчдын 3 блок орон сууц, заставын барилга, лабораторийн барилга, агуулахын барилга, түргэн муудах бүтээгдэхүүн шалгах барилга багтсан байна. Мөн задгай агуулах, хяналт шалгалтын талбай, үзлэгийн байгууламж, нийтийн бие засах газар, ариутгал, халдваргүйтгэлийн барилга, дэд өртөөний барилга, химийн агуулах, авто рентген, үйлчилгээ, худалдаа, ресторан, зоогийн газар, кофе шоп байна.


Боомт нь усан хангамж, цэвэрлэх байгууламж, ариутгах татуурга, цахилгаан хангамж, эрэлч нохойн байр, 11.2 га эдэлбэр газрын иж бүрэн тохижилт гэх мэт олон байгууламжаас бүрдэнэ. Бүтээн байгуулалтын нийт төсөвт өртөг 72.0 орчим тэрбум төгрөг байна. Боомтын бүтээн байгуулалтын ажлыг ирэх жилийн төсөвт тусгахаар төлөвлөсөн гэж Завхан аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

 Зам талбай 17 дахин нэмэгдэнэ 

Холбоотой мэдээ