Газар нутаг солилцох саналыг В.Зеленский дэвшүүлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР![](/files/67ac524d96e23.png)
КИЕВ, 2025 оны хоёрдугаар сарын 12 /Anadolu/. Оросын талтай энхийн хэлэлцээ хийхдээ Украины армийн хяналтад байгаа Курск мужийн нутгийг ОХУ-д нэгтгэсэн Украины нутгаар солилцох санал тавихаар төлөвлөж байгаагаа Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский “The Guardian” сонинд ярилцлага өгөхдөө мэдэгджээ.
"Бид нэг хэсэг газар нутгийг нөгөөгөөр солих болно" гэж В.Зеленский хэлээд Орост нэгтгэсэн Украины аль нутаг дэвсгэрийг авахаа хэлж мэдэхгүй байгаагаа дурдсан байна. Украины Ерөнхийлөгч хэлэхдээ "Оросын талтай хэлэлцээ хийхэд бэлэн байна, гэхдээ хэлэлцээнд Украины тал хүчтэй байр сууринаас оролцоно" гэжээ.
Украины удирдагч мөн Америкийн компаниудад сэргээн босгох ажлын гэрээ байгуулахыг санал болгож, хөрөнгө оруулалтын хөнгөлөлт үзүүлнэ гэж мэдэгджээ. Ийнхүү тэрбээр Орос-Украины дайныг зогсоохыг эрмэлзэж буй АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг өөртөө татахыг оролдож байна гэж “The Guardian” сонинд бичжээ.
ОХУ-ын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Мария Захарова Украины Ерөнхийлөгчийн мэдэгдэлд хариу өгчээ. Тэрбээр хэлэхдээ “Курск мужид байгаа неонацистуудыг 2 м урт, 1,5-2 м гүн газар хүлээж байна. Энэ нутагт Украины Зэвсэгт хүчинд учирсан хохирлын жинхэнэ хэмжээг нуухын тулд Зеленский ийм мэдэгдэл хийж байна” гэжээ.