Л.Лхагважав: Зон олны минь түүх, соёлыг чадал мэдэн тээж яваа монгол бичиг минь

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
khandmaa@montsame.gov.mn
2025-02-14 16:52:24

Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. "Монгол хэлний тухай" хуулийн дагуу төрийн албан хэргийг 2025 оны нэгдүгээр сарын нэгнээс кирилл, монгол бичгээр хослуулан хөтөлж эхэлсэн.

Монголын төр үндэсний бичгээ төрдөө дахин залж, үндэстний оюун санааны их сэргэлтийн эрин үе ирсэнтэй холбогдуулан монгол бичгийн талаарх бичгийн мэргэдийн айлдварыг бид цуврал болгон нийтэлж буй билээ. Энэ удаад ахмад багш Лутын Лхагважавын монгол бичигтээ зориулсан шүлгийг толилуулж байна.


 Босоо

     Ацаг шүд бүрээс  нь ардын ухаан цацарсан

     Аялгуу дуудлага бүхэнд нь амны умшлага шингэсэн

     Билгийн мэлмий нээсэн бодол гүйцэх хурдтай

     Бичгийн мэргэдийн бүтээсэн босоо монгол бичиг минь

                        Тэнгэр, газрын тэнхлэгийг тэгш татаж холбосон

                        Төгрөг наран, тэргэл сарны түмэн хишгийг хурайлсан

                        Зуун зуунаа өртөөлөхдөө чансаа зааж шалгарсан

                        Зон олны минь түүх, соёлыг чадал мэдэн тээж яваа

     Ачит эзэн хааны минь хасбуу тамганд мөнхөрсөн

     Ард олны түүх, соёлын түлхүүр алдарт босоо бичиг минь

     Танаар үзэглэн баринтагласан судар бүхэн босоо

     Танаар бичиглэсэн "Нууц товчоо, Гэсэр, Жангар” босоо

                        Дээдсээс өвлөсөн худам үсгээ

                        Дээдэлж явбал монголчууд босоо

                        Дэлхийд ганцхан босоо бичгээ

                        Дэлгэрүүлэх аваас даянаараа босоо

     Хүмүүний тигтэй босоо бичиг минь

     Хөх толбот монголчуудаас

     Хүмүүн төрөлхтний соёлд өргөсөн

     Хөрзөнгийн цогтой хөх дөл өө

                        Хөг аялгуу тэгшхэн эх хэл минь

                        Утга чанар, баян тансгаараа босоо

                        Хүмүүний зовлонг хугасалдаг судар номууд минь

                        Ид шид, хувилгаан чадлаараа босоо

     Зургаан зүйл хамаг амьтныг хэм тэгш үздэг

     Монгол ёс жудаг минь бодь сайхан сэтгэлээрээ босоо

     Жаран жарныг урьдчилан мэддэг

     Зурхайн ухаан маань шинжлэх ухаан чанараараа босоо

                        Тусгаар Монгол улсын маань хилийн багана босоо

                        Тухлан суудаг гэрийн маань галын дөл босоо

                        Алтан соёмбот төрийн минь сүлдэт далбаа босоо

                        Ард олон түмний минь буян заяа босоо

     Хүчтэй, тэнхээтэй эрчүүд наадмын дэвжээнд босоо

     Хүүхэн хонгор бүсгүйчүүд цэвэр ичимтгий нь босоо

     Хурдан, жороо морьд нь унтаж, амрахдаа босоо

     Хуур, хуучир хөгжмүүд уянгалж эгшиглэхдээ  босоо

                        Хөвчит нумаа эвшээлгэн тавьсан

                        Эрчит сум нь эгц өөдөө босоо

                        Хүмүүн төрөлхтний дотроос

                        Хөх Монгол л эгнэгт босоо

     Эртний язгуурт монгол түмний эш түүх нь босоо

     Эзэн их хаадын маань эрдэнийн сэнтий босоо

     Цагийн эзэлсэн судар номуудын үсэг бичиг босоо

     Цэлмэг хөх тэнгэрийнхээ доор бидний монголчууд мөнхийн босоо


Босоо зөв зөөлөн сэтгэж

Босоо шударгаар бүтээлч хөдөлмөрлөн

Босоо  тавилангаа ариусган тэгшлээд          

Босоо бичигтэйгээ босоо амьдарцгаая

Монголчууд аа, Босоо, Босоо, Босоо.


 

Лутын Лхагважав нь 1942 онд Завхан аймгийн Идэр  сумын  Мануустай багийн нутагт малчин ард Лутын дөрөвдүгээр хүү болон мэндэлжээ. Тэрбээр 1962-1965 онд Архангай аймгийн Багшийн сургууль, 1975-1979 онд Улаанбаатар хотод УБДС-ийг Монгол хэл, уран зохиолын ангийг тус тус дүүргэсэн байна.

 

1965-1975 онд Идэр сумын бага сургуулийн бага ангийн багш, 1979-1993 онд Идэр, Тосонцэнгэл, Тэлмэн, Ургамал, Булнай сумын 8 жилийн сургуульд багш, хичээлийн эрхлэгч, 1993-1996 онд Тосонцэнгэл сумын 10 жилийн сургуульд багш, 1996-2009 онд Идэр сумын 10 жилийн сургуульд монгол, хэл уран зохиолын багшаар ажиллаад 2009 онд гавьяаныхаа амралтад гарчээ.

 

Л.Лхагважав багш Идэр сумандаа жил бүр өөрийн нэрэмжит эх хэлний олимпиадыг олон жил зохион байгуулаад, 2009-2019 онд “Үлэмж эгшиглэн” сангийн дэмжлэгтэйгээр улсын хэмжээний болгон өргөжүүлж, эх хэлээ түгээн дэлгэрүүлэх үйлсэд хүчин зүтгэж яваа юм.  

Холбоотой мэдээ