БАЯНХОНГОР: Ипотекийн зээл олголт 61.8 хувиар өсжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР![](/files/67aea24158a1c.jpeg)
Баянхонгор, 2025 оны хоёрдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймаг 2024 онд 38.2 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг 421 өрхөд олгож, зээл олголт өмнөх оныхоос 61.8 хувиар өсжээ.
Зээлийн 55 хувь буюу 21 тэрбум төгрөгийг 222 өрхөд 3 хувийн хүүтэйгээр, 36 хувь буюу 13.7 тэрбум төгрөгийг 159 өрхөд 6 хувийн хүүтэйгээр, 9 хувь болох 3.5 тэрбумыг 40 өрхөд банкны арилжааны зээлийн хүүгээр тус тус олгосон байна.
Нийт олгосон зээлээс хөдөөгийн хөгжлийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд 222 зээлдэгчид 20.98 тэрбум төгрөгийн орон сууцны зээлийг Хас, Төр, ХААН, Голомт, Худалдаа хөгжлийн банкууд 3 хувийн хүүтэй олгосон бол Зээлийн батлан даалтын сан 111 өрхийн 11.62 тэрбум төгрөгийн зээлд урьдчилгаа төлбөрийн батлан даалт гаргажээ.
Ингэснээр Баянхонгор аймаг ипотекийн зээл олголтоор Дархан-Уул, Орхон аймгийн дараа, 21 аймгаас эхний гуравт орж, агаар хөрсний бохирдлыг бууруулах зорилтдоо тодорхой ахиц гаргаад байна.