УИХ-ын дарга Увс аймгийн шүүх, хуулийн байгууллагын төлөөлөлтэй уулзаж, Хоршоологчдын зөвлөгөөнд оролцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-02-14 10:51:11

Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Э.Болормаа, М.Мандхай нар Увс аймгийн Улаангом хотод ажиллах үеэрээ шүүх, хуулийн байгууллагын алба хаагчид, Монголын хуульчдын холбооны салбар зөвлөлийн хамт олонтой уулзлаа.

 

Уг уулзалтаар Шүүх байгуулах тухай хуулийн хэрэгжилт, шүүхийн үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдал, шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх талаар санал солилцов. Уулзалтын эхэнд УИХ-ын дарга нийгмийн харилцааг зохицуулж буй хууль тогтоомжийн хэрэгжилтийг иргэндээ ээлтэй, эрхийг нь хангасан байхад чиглүүлэх зорилгоор эрх зүйн цогц шинэчлэл эхлүүлснийг тодотгов. Энэ хүрээнд хуулийн хэрэглээг гажуудуулж буй журмуудыг цөөлж, ялгаварлан гадуурхалт, шударга бус байдлыг арилгаж, хуулийн өмнө хүн бүр ижил тэгш эрхтэй байх энэ цагийн үзэл баримтлалыг төлөвшүүлэх нь чухал гэлээ. Түүнчлэн УИХ-аас шүүхийн бааз суурийг бэхжүүлэхэд онцгой анхаарна гэж мэдэгдэв.


Уулзалтын үеэр шүүхээр хэрэг, маргааныг хуулийн хугацаанд нь шийдвэрлэхэд шаардлагатай эрх зүйн зохицуулалтын талаар харилцан санал солилцсон юм. Алба хаагчид шүүх эрх мэдлийн системийн өөрчлөлтийг боловсон хүчний нөөцөөс нь эхлээд цогцоор нь авч үзэх шаардлагатайг хэлж байв. Увс аймагт гурван шатны шүүх үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд бүрэлдэхүүн дутуу ажиллаж байгаагийн улмаас шүүгчийн ачаалал ихсэх, хэрэг маргаанаа түргэн хугацаанд шийдвэрлэж чадахгүй байх зэрэг хүндрэлүүд үүсэж байгааг дурдаж байлаа.


Үүний дараа УИХ-ын дарга Улаангом хотноо 400 гаруй малчдын төлөөлөл чуулсан Хоршоологчдын зөвлөгөөнд оролцсон юм. Уг зөвлөгөөнөөр “Шинэ хоршоо” хөдөлгөөний хэрэгжилт, үр дүн, тулгамдаж буй асуудлаас гадна зээл олголт, эргэн төлөлтийн талаарх мэдээлэл болон хоршооны сайн засаглалын хэлбэр, гадаад орнуудын жишиг туршлагуудыг танилцуулсан юм. Сүүлийн 8 сарын хугацаанд улсын хэмжээнд 7814 шинэ хоршоог байгуулж, 77,233 малчид хоршоонд гишүүнээр элсжээ.


УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, цаг үеийн хэрэгцээ шаардлагаас улбаалан өрнөсөн “Шинэ хоршоо” хөдөлгөөн үр дүнгээ өгч эхэлснийг тодотгоод, цаашид мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх зориулалтаар 5 га хүртэлх газар эзэмших ажлыг эрчимжүүлэхтэй зэрэгцэн ногоон тэжээл тариалах зорилгоор газар эзэмших боломжоор хангахад анхаарна гэлээ. Түүнчлэн анхан шатны хоршоод нэгдэн дундын хоршооны зохион байгуулалтад орж жишиг хуулийн этгээд болоход дэмжлэг үзүүлж, хоршооноос гарч байгаа бүтээгдэхүүнүүдэд стандарт нэвтрүүлэх талаар зөвлөгөөнд оролцогчид хэлэлцсэн юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

 

Холбоотой мэдээ