Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай уулзлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР![](/files/67af104550fb7.jpeg)
Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай өнөөдөр Харбин хотноо уулзав.
Хоёр улсын
Засгийн газрын тэргүүн нар өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Шанхай хотноо
уулзсанаас хойш Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж,
тодорхой ололт амжилт гарч буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.
Ялангуяа, Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй 14 мега төслийн нэг болох
Гашуунсухайт-Ганцмод боомтыг төмөр замаар холбох төсөл идэвхтэй урагшилж, энэ
удаа “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа,
Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай
Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурсан нь хоёр талын хамтын
ажиллагааг шинэ шатанд гаргахад чухал ач холбогдолтойг онцолсон юм.
Цаашид дээд,
өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, хөгжлийн стратегийг
харилцан уялдуулах, худалдааны бүтцийг төрөлжүүлэх, хилийн боомтуудыг харилцан
холбох, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг бэхжүүлэх,
байгаль орчин, аялал жуулчлал, үйлдвэрлэл, шинэ эрчим хүч, ногоон болон цахим
эдийн засаг зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлд нягт хамтран
ажиллахаар тохиролцов. Мөн талууд Монгол, Хятад, Оросын гурван
талт хамтын ажиллагааг бэхжүүлэхээр санал нэгдлээ.
Энэ бол хоёр орны Ерөнхий сайд нарын тав дахь удаагийн уулзалт юм. Айлчлал, уулзалт бүрд яригдсан төсөл, хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж, бодит ажил болж байгаад талууд талархлаа илэрхийллээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Азийн IX удаагийн өвлийн наадам”-ыг амжилттай зохион байгуулсан Хятадын Засгийн газарт баяр хүргэлээ гэж ЗГХМОНХГ-аас мэдээллээ.