Монголын дугуйчид ААШТ-ээс 10 медаль хүртлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Тайландын Питсанюлок, Пичит гэсэн хоёр хотод засмал замын дугуйн өсвөр, залуучууд, насанд хүрэгчид, мастер, пара ангиллын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 7-16-нд болов.
Засмал замын дугуйн насанд хүрэгчдийн 44, өсвөр үеийнхний 31, пара дугуйчдын 13 дахь удаагийн тэмцээнд манай улсаас 50 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг оролцож, нэг алт, долоон мөнгө, хоёр хүрэл медаль хүртжээ. Тодруулбал, мастеруудын эрэгтэйчүүдийн 50-55 насны ангилалд Д.Шинэбаяр алт, мөнгөн медаль хүртэж, Монгол Улсын төрийн дууллыг эгшиглүүлсэн.
Тэгвэл эмэгтэйчүүдийн 45-49 насны ангилалд олон улсын хэмжээний мастер Д.Эрдэнэтуяа, эрэгтэйчүүдийн 60-64 насны ангилалд “Хоршоолол” багийн тамирчин Д.Энх-Од нар хошой мөнгө, эмэгтэйчүүдийн 40-44 насны ангилалд бөөн гараатай уралдаанд А.Оюун-Эрдэнэ мөнгө, эрэгтэйчүүдийн 65-69 насны ангилалд Д.Анхбаяр хүрэл медалиар энгэрээ мялаажээ. Харин U23 насны ангилалд Х.Тэмүүлэн мөнгөн медаль хүртлээ. Өмнө нь залуучуудын ангиллаас монголчууд хоёр хүрэл медаль авч байсан бол анхны мөнгийг Х.Тэмүүлэн авчрав.
Эрэгтэйчүүдийн бөөн гараатай уралдаанд 22 орны 72 шилдэг дугуйчин өрсөлдсөн бол манай улсаас С.Жамбалжамц, Б.Марал-Эрдэнэ, Б.Тэгшбаяр, Э.Билгүүнжаргал, Б.Идэрболд нар уралдав. 171.9 км-ын зайн энэ уралдаанд үндэсний шигшээ багийн тамирчин С.Жамбалжамц хүрэл медалиар энгэрээ мялаажээ. Ингэснээр элит ангилалд өрсөлдсөн тамирчдаас анхны медалийг тэрбээр хүртлээ.