АРХАНГАЙ: Төрөлт сүүлийн жилүүдэд багасжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-02-17 11:08:58

Эрдэнэбулган, 2025 оны хоёрдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн хэмжээнд 2024 онд 1071 эх төрж, 1072 хүүхэд төрсөн нь өнгөрсөн оныхоос төрсөн эх 249 тохиолдлоор цөөрсөн үзүүлэлт. 2023 онд 1320 эх амаржиж, 1320 хүүхэд төрсөн байна.


Төрсөн хүүхдийн тоог 1987 оноос хойш өнөөг хүртэлх 36 жилийн тоог харахад хамгийн өндөр төрөлттэй жил нь 1987 онд 3078 хүүхэд, 1990 онд 3509, 1991 онд 3258 хүүхэд төрсөн байна. 1992-2001 оныг дуустал 2000 гаруй хүүхэд, 2002 оноос өнөөг хүртэл 1000 гаруй хүүхэд жилд төрж байгаа нь төрөлт багассаныг харуулна.  


Мөн 1 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл сүүлийн 10 жилээр харахад цөөрсөн байна. Тухайлбал, 2012, 2013 онд тус бүр 39 тохиолдол бүртгэгдэж байсан бол 2023 онд 14 болж багассан. Харин 2024 онд 1 хүртэлх насны хүүхдийн нас баралт 20 гарч, өнгөрсөн оныхоос 6 тохиолдлоор өсжээ.


1-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл сүүлийн таван жилийн хугацаанд цөөрсөн ба 2024 онд 5 тохиолдол бүртгэгджээ.

Архангай аймгийн Статистикийн хэлтсээс 2019-2023 оны хүн амзүйн судалгааг үндэслэн гаргасан Хүн ам, нийгмийн үзүүлэлтийн танилцуулгад Архангай аймаг,


-2019 онд 94.1 мянга

-2020 онд 95.1 мянга

-2021 онд 95.9 мянга

-2022 онд 95.3 мянга

-2023 онд 93.6 мянга хүн амтай гэж гарчээ.


2024 оны хүн амын тоо хараахан ирээгүйг аймгийн Статистикийн хэлтсээс мэдээллээ.


ҮСХ-ноос хийсэн хүн амын хэтийн тооцоонд Архангай аймаг 2025 онд 98199, 2035 онд 104406, 2045 онд 115874 болж өснө гэсэн үр дүн гарсан байдаг. 


/Аймгийн Статистикийн хэлтсээс гаргасан Хүн ам, нийгмийн үзүүлэлтийн танилцуулгаас/

Холбоотой мэдээ