М.Игавахара: Хөвсгөл нуурын мөс маш тунгалаг, ёроол нь харагдаад үнэхээр үзэсгэлэнтэй
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хатгал, 2025 оны хоёрдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой "Хөх сувд" мөсний баяр өнөөдөр 6 дахь өдрөө үргэлжилж байна.
Мөсний баярын тэшүүрийн тэмцээний нээлтэд Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Игавахара оролцлоо.
Тэрбээр, “Хөвсгөл нуурыг маш тунгалаг, нутгийн иргэд "Далай ээж" хэмээн нэрлэдэг гэж сонсож байсан. Өөрөө ирж үзэхэд үнэхээр гайхалтай сайхан санагдлаа. Доошоо харахаар мөс маш тунгалаг бүр ёроол нь харагдаж буй нь үнэхээр үзэсгэлэнтэй байна. Анх удаа маш гүн Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр морин чаргаар давхилаа. Яг энэ үед салхи хүчтэй үлээж байсан ч маш гоё цэвэр агаараар амьсгалаад морьтойгоо хамт давхиж байгаа юм шиг мэдрэмж төрлөө.
Хөвсгөл нуурт ирсэн хүн бүрийг морин чаргаар заавал явж энэ гоё мэдрэмжийг үзээсэй гэж хүсэж байна.
Цаашид энэ сайхан үзэсгэлэнт Хөвсгөл нуурыг өөрөө үзээд зогсохгүй Япон улсын олон иргэнийг ирж үзэхийг урьж, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд анхаарч ажиллана” гэдгийг хэллээ.
Мөсний баяр өнөөдөр мөсөн шагайн харваа, мөс мөргөлдүүлэх, сээр шалгах наадам зэргээр үргэлжилнэ.