ДУНДГОВЬ: Өлзийт сумынхан тэмээний баяраараа 100 цагаан тэмээ жагсаалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Мандалговь, 2025 оны хоёрдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Өлзийт сумын тэмээчид тэмээний баяраа хийж,
100 цагаан тэмээг жагсаалаа.
Өлзийт сум 2024 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр
18,1 мянган тэмээ тоолуулсан бөгөөд тэмээний тоогоор аймагтаа нэгдүгээрт жагсдаг. Тэмээний
өв соёлыг таниулах замаар аялал жуулчлалыг хөгжүүлэх, гадаад, дотоодын жуулчдыг
татах, цаашлаад тэмээ маллахын ач тус, давуу талыг таниулж, уналга эдэлгээг
нэмэгдүүлэх, тэмээн сүргийг өсгөн үржүүлэх зорилготой тус үйл ажиллагааг энэ
жил “Тэнэгэр говийн тэмээчид” нэрийн дор зохион байгуулжээ.
Энэ жилийн тэмээний баярын нээлтийн үйл ажиллагааны үеэр 100
цагаан тэмээг жагсаасан нь өмнөх жилүүдийн баяраас онцлог байлаа. Нутгийнхаа малчдын
дунд “Цагаан тэмээт” хэмээн хүндлэгдэж ирсэн Өлзийт сумын 4 дүгээр багийн
малчин, Монголын мал аж ахуйн академийн хүндэт профессор Ц.Долгормаагийн ээж Жамбалын
Цагаан эдгээр тэмээг 1997 оноос өсгөж эхэлсэн нь өнөөдөр ийнхүү баяр наадмын
чимэг болжээ.
Энэхүү баярын үеэр тэмээчдийн зөвлөгөөн, “Тэмээчид дуулж
байна” уралдаан, ат, тайлаг, торомны уралдаан, буйл зорох, бурантаг томох,
тэмээн дээрээс шагай шүүрэх тэмцээн, шилмэл буур, шилмэл ингэ, ганган хос шалгаруулах,
Цагаан сарын үзэсгэлэн худалдааг зохион байгуулж, тэмээчид тэмээн сүргийнхээ
сүр хүч, чадал, ашиг шим, гоёмсог эдлэл, хэрэглэлээрээ өрсөлдөж, шилдгүүдээ
шалгаруулсан юм.
Тэмээчдийн тулгамдсан асуудал,
шийдвэрлэх арга замыг тодорхойлох, ахмад тэмээчдийн үг, сургаал, туршлагыг
залуу хойч үедээ өвлүүлэх зорилгоор тэмээчдийн зөвлөгөөн зохион байгуулсан нь
энэхүү үйл ажиллагааг илүү үр дүнтэй болгожээ.
Атан тэмээний уралдаанд 28 ат уралдаж, Өмнөговь аймгийн
Цогт-Овоо сумын тэмээчин У.Цэрэнбатын улаан ат түрүүлж, Дундговь аймгийн Өлзийт сумын тэмээчин Ц.Наранхүүгийн
хар ат, Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын тэмээчин А. Мөнгөнцогтын улаан,Цогт-Овоо
сумын тэмээчин Б.Сумъяагийн улаан ат, мөн сумын тэмээчин Б.Түвшинтөрийн улаан
ат тус тус удаалж, наадамчин олныг цэнгүүллээ
“Тэмээтэй сайхан хос” шаргаруулах тэмцээнд 9 хос оролцож, Өлзийт сумын 4 дүгээр багийн тэмээчин М.Гончигдорж, Н.Лхамсрэн нарын гэр бүл түрүүлж, 5 дугаар багийн тэмээчин Баярмагнай, Ц.Норжинсүрэн нарын гэр бүл, Өмнөговь аймгийн Ханхонгор сумын тэмээчин Б.Болорбат, Д.Ренцэнханд нарын гэр бүл удаалжээ.