Ташкентын “Их дуулга”-д Г.Хэрлэн барилдана
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг “Их дуулга” ангиллын цуврал тэмцээн маргааш Узбекистаны Ташкент хотод эхэлнэ.
Тус тэмцээнд 24 орны 242 жүдоч зодоглохоор мэдүүлэг өгчээ. Манай улсаас энэхүү тэмцээнд эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Г.Хэрлэн барилдах юм. Ташкентын “Их дуулга”-д ОХУ 26, Хятад 21, Казахстан 19, Тажикстан 17, Япон 16 тамирчнаа илгээжээ. Харин зохион байгуулагч орноос нэг жинд дөрөв, нийт 14 жинд 56 тамирчин зодоглох нь ээ.
Монголын жүдо бөхийн шигшээ багийнхан өнгөрсөн хугацаанд эх орондоо бэлтгэлээ базаасан бөгөөд ирэх сараас “Их дуулга”-ын цуврал тэмцээнд барилдаж эхэлнэ.
Тодруулбал, ирэх
сарын 21-нд Гүржийн Тбилис хотод болох “Их дуулга”-д манай улсаас гавьяат
тамирчин Ё.Басхүү, Л.Энхрийлэн, Э.Ариунболд, олон улсын хэмжээний мастер
Б.Гончигсүрэн, Г.Наранцэцэг, Б.Эрдэнэбаяр, Т.Ариунзаяа, Ж.Анударь, А.Адъяасүрэн
тэргүүтэй эрэгтэй 11, эмэгтэй 10, нийт 21 жүдоч зодоглохоор мэдүүлэг өгчээ.