Монголын хамгийн жижиг судар нь 5х5.3 см хэмжээтэй
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Үндэсний номын сангийн Үнэт ховор номын музейд Ази-Номхон далайн бүс нутгийн өвд бүртгэгдсэн дөрвөн үзмэр байгаагийн нэг нь “Сахиусан дара эх” ном юм.
Монголын нэрт эрдэмтэн, толь зүйч, судар бичгийн хүрээлэнгийн анхны гишүүдийн нэг С.Шагж XX зууны эхэн үед цагаан, ногоон дара эхийн бүтэн судрыг 5х5.3 см хэмжээтэй цаасан дээр багтаан бичжээ. Эдгээр нь өврийн буюу богино барын судраар бодоход 10 гаруй хуудас болдог бол тус бүтээл нь маш жижиг хэмжээтэй аж.
Энэхүү бүтээлийн талаар Монгол Улсын Үндэсний номын сангийн Үнэт ховор номын музейн сан хөмрөгч Б.Отгонтуяа ярихдаа, “С.Шагж гуай энэ бүтээлийг хийхдээ зуны хурц нартай өдөр монгол гэрийн өрхийг битүүлж, өрхний завсраар тусах нарны өчүүхэн гэрэлд адууны сүүлний нэг ширхэг хялгасны дайны жижиг бийрээр бичиж байсан гэдэг. “Сахиусан дара эх” бүтээлийн эх хувийг манай музейд хадгалж байна. Үүнийг энгийн нүдээр харах боломжгүй бөгөөд томруулдаг шил ашиглан унших боломжтой” хэмээн онцоллоо.
“Сахиусан дара эх” судрыг 2002 онд Монгол Улсын Засгийн газрын Түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн жагсаалтад, 2014 онд Ази-Номхон далайн бүс нутгийн өвд бүртгэжээ.