ХӨВСГӨЛ: Хар хил гарсан газарт хориглох тэмдэг байршууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2025 оны гуравдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Ханх сумын эрэн хайх бүлгийн алба хаагчид Хөвсгөл нуурын хар хил гарсан газруудад хориглох тэмдэг байршууллаа.
Ханх сумын төвөөс баруун урд зүгт 7 км-т 13 овооны тушаа өргөн нь 2 метр орчим хар хил гарсан байна.
Хар хил гэдэг нь хагарсан мөс хоёр тийш ангайн завсар гарч, дундуур нь ус мэлтэлзэж байхыг хэлдэг бол цагаан хил гэдэг нь мөс хагарч хоорондоо мөргөлдөн овоорч, барааны газраас мөсөн уул мэт харагдахыг хэлдэг.
Иймд иргэд, малчид, тээвэрчид Рэнчинлхүмбэ, Цагааннуур, Ханх, Чандмань-Өндөр сумын чиглэлд зам товчлох зорилгоор Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр хөдөлгөөн үйлдэхгүй байхыг Хөвсгөл аймгийн ОБГ-аас анхааруулж байна.